Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК мэдэгдэл гаргалаа

2022-10-13 Мэдээ, мэдээлэл

 

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн “ОМ-137” аяллаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. “МИАТ” ТӨХК-иас энэ сарын 3-ны өдөр тухайн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр гаргасан юм.

“ОМ-137” аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчид тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн тухай мэдээллийг 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно.

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь “МИАТ” ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт аравдугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно. Иймд “МИАТ” ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье. Цаашид “МИАТ” ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.