Чингис хаан музейг ирэх сард нээнэ

2022-09-14 Мэдээ, мэдээлэл

Засгийн газар Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн байгуулах шийдвэр гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр шавыг тавьж байв. Соёлын сайд Ч.Номин музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж буй хэмээн мэдээлж байсан ч хойшлогдож аравдугаар сард нээхээр болжээ.

Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байна.

Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
Тавдугаар давхарт Их Монгол
Зургаадугаар давхарт Эзэнт улс
Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.

Тус музейд түүх, соёлын 10.400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал байх аж. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад зэрэг олон орны хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан бөгөөд музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бийг музейн захирал С.Чулуун онцолж байлаа.

Ташрамд дурдахад тус музейг барихад 2020 оны төсвийн тодотголд 53,066.5 сая, 2021 оны төсөвт 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 67,864.7 сая төгрөг тусгаж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.