Замын-Үүд-УБ хооронд үүссэн чингэлэг тээврийн “гацаа”-г арилгах үүрэг чиглэл өглөө

2022-09-2 Засгийн газар


УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар ажиллаж, үүрэг, даалгавар өгчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг төмөр замчдадаа талархал илэрхийлээд, бодлогын чиглэлээр бүх талаар дэмжихээ илэрхийлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хамтран ажиллахыг хүсэж дараах үүрэг, даалгаврыг өгөв.

-Юуны өмнө галт тэрэгний цуваа цөөрсөн, хоосон чингэлгийн буцаалт буурснаас үүдэлтэй чингэлгийн бөөгнөрлийг яаралтай шийдэх чиглэлд ажил хариуцсан хүмүүс онцгой анхаарч, ажил үүрэгтээ эзэн болохыг хатуу сануулсан юм. Энэ асуудал дээр элдэв шалтаг тоочих биш харин шийдэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

-Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үйлчилгээгээ хүнд сурталгүй ил тод болгоход онцгой анхаарах

-2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон. Харин 2022 онд урьдчилсан байдлаар тооцоолоход 27-28 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай байна. Ачаа, тээврийн эргэлт ийн буурч байгаад анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах,

-Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдэл төлбөрөөр дүрмийн сан нэмэгдүүлэх Оросын талын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн авах ажлыг зохион байгуулах, УИХ-ын тогтоолын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх

-Эдийн засгийн нөхцөл байдал хэвийн хэмжээнд ортол УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн болон нийгмийн чанартай ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх

-Тээврийн алдагдлыг бууруулахын тулд зарим тарифыг индексжүүлэх, өртөг зардлаа бууруулж хэмнэлт гаргах шийдлийг олж, эдийн засгийн тооцоо судалгаа хийн танилцуулах

-Галт тэрэгний хүрэлцээг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүх шатандаа онцгой анхаарах

-Нүүрс болон шахмал түлшний нийлүүлтэд анхаарч, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарах

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхэд онцгойлон ач холбогдол өгөх

-Хүнсний ногоо, улаан буудайг шуурхай тээвэрлэхийг үүрэг болголоо.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.