ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуулийг 44 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа

2022-06-28 Парламент

УИХ-ын чуулганы хуралдаан пүрэв, баасан гарагт хуралддаг ч энэ долоо хоногт урагшлуулж мягмар гарагт хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тэдгээрийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн томъёоллоор санал хурааж, 88 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах эсэхээр санал хураалт явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.