У.ХҮРЭЛСҮХ: АЛДАРТ ЭХИЙН ОДОН БОЛ ИЖИЙ ТАНЫ ДУНДАРШГҮЙ ХАЙР, АЛДАР ХҮНДИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ

2022-05-31 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдарт эхийн одон гардуулах ёслолын үеэр мэндчилгээ дэвшүүллээ. 


Монголын үзэсгэлэнт Сарангуа эрхэм хүндэт ээжүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 1949 онд Москва хотноо хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бага хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 1-ны өдрийг Дэлхий нийтээр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй билээ. Монгол улс энэ өдрийг 1952 онд хүүхдийн баяр хэмээн нэрлэж, анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд дахин Хүүхдийн баяр болгон нийтээр тэмдэглэх өдөр болгон өөрчилсөн юм. Хүүхдийн баяр бол манай ард түмний баяр, эх үрсийн баяр билээ. Монголчууд бид эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхний угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэг болохоор ураг удам, улс үндэстний эх болсон ээж нартаа хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг ёстой. Ийм учраас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нартаа Монгол төр гүн хүндэтгэл үзүүлж, алдарт эх одонгоор шагнаж байна.

Алдарт эхийн одон бол Ижий таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан энэхүү эрхэм хүндэт одон, өнөөдөр та бүхний маань энгэрт гялалзаж байгааг харахад бахдам сайхан байна. Төрийн тэргүүн миний бие энэхүү эрхэм хүндэт одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог юм. Энэ жил алдарт эх нэг, хоёрдугаар одонг орон даяар 12,559 ээж хүртэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өссөн байна.

Өнөөдөр одонгоо гардаж байгаа алдарт ээжүүдийн олонх нь 35-38 настай байгаа нь цаашид алдарт ээжүүдийн нас залуужиж байгаагийн тод илэрхийлэл болж байна. Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж, хүмүүжүүлсэн Монгол ээжийн гавьяа зүтгэл, алдар хүндийг гэр бүл, ураг төрлөөрөө бахархан хүндэтгэж, ээж та нарынхаа ач гавьяаг Монгол төр алдаршуулж байна.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг гэх ардын сайхан үг байдаг. Буянт ээжүүдийн халуун сэтгэл, дулаан гар дээр Монголын ирээдүй мандаж байдгийг та бүхэндээ хэлэхийг хүсэж байна. Монгол төрөөс хүүхдийн мөнгө олгож байгаа нь нийгмийн халамж бус хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үзвэл зүйтэй.

Монголын хүн ам өсөн нэмэгдэж, Монголчууд бид олуулаа байж Монгол улс хөгжиж дэвжинэ. Бас Монгол үндэстэн хүчирхэг болно. Алдарт ээж та бүхэнд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд тань эрүүл энх, аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэрэл хайрын бурхад болсон ижий нар та нартаа баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.