Я.Содбаатар: 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлнэ

2022-05-20 Ерөнхийлөгч

Я.Содбаатар: 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар үндэсний хөдөлгөөн өргүүлэх, Монгол Улсад Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьж байна. Өнөөдөр Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаарлага үүссэн. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрөгч онд л гэхэд нэг тэрбум ам доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Харин хүнсний экспортын хэмжээ их биш. Монгол Улс мах, гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрийг 100 хувь, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэргийн 90 гаруй хувийг гаднаас татан авч байна. Тийм учраас импортын хамаарлыг бууруулах, дотоодын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, цаашлаад экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа. Дэлхийд хүнсний хомсдол үүсэж болзошгүй талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон дүгнэлт гарсан байна. Дэлхий даяар үнэ огцом өсөж байна. Манай улсад ч мөн адил хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй хувиар өсжээ. Тухайлбал, жимс жимсгэний үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн байна.

Өнөөдөр өргөн барьж байгаа тогтоолын төсөл дөрвөн заалт, 51 дэд заалттай. Уг тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтцолцоог бүрдүүлэх асуудлыг тусгасан. Үүнийг дагаад хууль эрх зүй, татвар, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг хөндсөн.

Мөн мэргэжлийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, хүний нөөц, үр сорт, малын өвчинтэй тэмцэх, бэлчээрийн даац, хүнсний хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгох, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эх оронч худалдан авалт хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна. Тогтоолын төсөл ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдээд явна. Тогтоолын төслийн хавсралтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг оруулж буй. Таван жилийн хугацаанд дөрвөн зорилт, 35 үйл ажиллагааны чиглэлээр 134 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж оруулж байна. Уг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг хангахад цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж мах, сүүний аж ахуй байгуулж, төв суурин газрын хэрэгцээг хангах боломжтой.

Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Мөн 55 мянган тоннын багтаамжтай зоорийн аж ахуй хэрэгтэй. Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай гэсэн тооцоотой” гэв.

<

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.