Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

2022-02-25 Мэдээ мэдээлэл

-Бүсгүй Та өөртөө хайртай бол товлосон хугацаанд шинжилгээндээ хамрагдаарай-

Дэлхийн улс орнууд, тэр дундаа манай улсад зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ-аас мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.

Учир нь манай улсад эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүн хорт хавдрын өвчлөл хоёрдугаарт эрэмблэгдэж, хүн амын дундах тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Уг нь улсын хэмжээнд нэгдсэн журмаар 30, 33, 36,39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүдийг эсийн шинжилгээнд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Өөрөөр хэлбэл, 3 жил тутам Өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх хуваарьтай. Харамсалтай нь урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт хангалтгүй байдаг.

Тиймээс энэ хүрээнд өчигдөр ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ, хорт хавдрыг даван туулагчид болон сэтгүүлчдийн төлөөлөл бүхий чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Од өвчний шинж тэмдэг, халдварлах зам, эрт илрүүлгийн ач холбогдол болон хожуу үеийн хавдрын эмчилгээ, шалтгаалах хүчин зүйлс, өвчлөл ба нас баралтын талаарх судалгаа мэдээллийг сэтгүүлчдэд өгч, дээрх сэдвийн хүрээнд нээлттэй ярилцав.

Мөн умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн нэгэн бүсгүй өөрийн бодит түүхээс хуваалцсан юм.

Тэрбээр “Би хүүхдээ төрүүлээд хоёр сар орчим болж байхад гэнэт цус алдаж эхэлсэн. Тухайн үед аав, ээж минь байхгүй. Нөхөр ч хаяад явсан сэтгэл санаа хэцүүхэн байсан. Эхлээд хөх өвдөж, бүр идээ гараад хүүхдээ хөхүүлэх ямар ч боломжгүй болсон. Тиймээс эмнэлэгт хандаж, оношоо мэдээд өвчинтэйгөө тэмцэж эхэлсэн. Тэгээд хагалгаанд орж, эрүүл саруул болоод гурван сайхан үртэйгээ өнөөдөр сайхан амьдарч байна. Эх хүнд үхэх эрх байхгүй шүү дээ. Хэрвээ би эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй эрт үзлэг шинжилгээнд хамрагдсан бол ийм зовлон надад тохиолдохгүй байсан.

Энд нэг зүйлийг онцлоход, хавдрын эс илэрсэн ч хожуу шатанд оношлогдлоо гээд айж түгшихээс илүү түүнийг даван туулах нь хамгийн том эмчилгээ юм. Ер нь эмэгтэй хүн бүр үзлэг оношлогоонд жил бүр хамрагдаж байх хэрэгтэй. Ядаж л эрүүл ахуйн талаасаа. Тэр дундаа өсвөр насны охидуудаа эрүүл мэнд талаас нь анхаармаар санагддаг. Охин хүүхэд доороосоо даарч, хөрж явж болохгүй. Төрж ч амжаагүй охидууд умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байна. Тиймээс энэ асуудлыг яах аргагүй анхаарах ёстой болжээ.

Өнөөдөр нийгэм бухидалтай байна. Тиймээс хүн хүнийхээ сэтгэлийг өргөх ганц ч гэсэн үг хэлж, эерэг байхыг уриалж байна” гэсэн юм.

Мөн өнөөдрийн уулзалзалтаар дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс харьяа хорооны охид эмэгтэйчүүдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг ч хамрагдалтын явц хангалтгүй, иргэдийн идэвхи хандлага тааруу байгааг эмч мэргэжилтнүүд дурьдаж байлаа.

Энэ үеэр АУ-ны магистр Г.Ням-Од “Дэлхийн эрүүл мэндийн салбарт цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм.  Энэхүү хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх ёстой” гэдгийг онцолсон юм.

Тэгэхээр манай улсын хувьд 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2013 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийг эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн. Илрүүлгийн хамрагдалтыг сүүлийн найман жилийн дунджаар харьцуулан үзэхэд орон нутагт 50,8 хувь нийслэлд 27,7 хувь улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 39,7 хувь нь илрүүлэгт хамрагдсан үр дүн гарчээ. Энэхүү үзүүлэлт нь тийм ч хангалттай бус юм.

Үүнд ганц жишээ тодруулая.

Өрхийн эмнэлгээс харьяаллын зорилтот насны эмэгтэйчүүд рүү урилга илгээх, утсаар ярих, цахим хуудсаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг мэддэг ч “Ажилтай байна”, “Хүүхдээ харж байна”, “Өөр газар явна”, “Энэ удаад амжихгүй нь” гэх байдлаар хойш тавьдаг талаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Одонцэцэг хэлж байв.

Мөн тэрбээр “Охид эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Тэр дундаа 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм. Гэтэл дээрх олон шалтгааны улмаас үзлэгт хамрагддагүй.

Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршил ихтэй. Албан бүртгэлээр 22.000 хүн амтай гэдэг ч түр оршин суугчдыг оролцуулаад 27.000 орчим хүн амын бүртгэл бий.

2020 онд 1364 хүнийг эсийн шинжилгээнд хамруулахаас 384 буюу 28 хувь нь хамрагдсан. 2021 онд 163 болж буурсан үзүүлэлт бий. Энэ нь коронавирустэй холбоотой байх. Гэсэн ч хамрагдалт тун муу байдаг. Ингэснээр өвчин даамжирч, хавдар хожуу үедээ орсон хойно эмнэлэгт хандах нь элбэг” гэлээ.

Ер нь умайн хүзүүний хорт хавдар нь 20-иос доош насныханд тохиолдох нь тун ховор аж. Харин 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг ба 50-иас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт ордог байна. Иймд охид эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй.

Тодруулбал, 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд, энэхүү хавдраас урьдчилан сэргийлж чадсанаар эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрхтэн тогтолцооны бусад эмгэг, хүндрэлээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн ДЭМБ-аас өсвөр насны хүүхдэд 11-12 насанд  хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг хийлгэхийг зөвлөдөг байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.