Засгийн газар: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

2022-02-14 Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо.

Мөн өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, цар тахлаас болж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ирэхээ хүлээсэн эрхэм жуулчдаа. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын шийдвэрийг баталлаа. Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо.

Хэрэв та вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад ирээд вакцинд хамрагдах боломжтой” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.