Хаан хүнс импекс ХХК-ийн Задь хиамнаас хуванцар гарчээ

2021-11-12 Мэдээ, мэдээлэл

Хүүхдийнх нь идэж байсан  хиамнаас кетчупных шиг  улаан хуванцар гарч ирсэн талаар манай редакцид нэгэн иргэнээс мэдээлэл ирүүлсэн юм. Энэ талаар  тодрууллаа. 

Иргэн Н: Охин маань энэ юу вэ гээд улаан хуванцар зүйл амнаасаа гаргаж ирсэн

-Хаанаас худалдаж авсан ямар хиамнаас гарч ирсэн бэ?

-Арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөс Задь нэртэй хиам худалдаж авсан. Охин маань “Энэ юу вэ ааваа гээд улаан хуванцар зүйл амнаасаа гаргаж ирсэн. Бага хүүгээ мэдэхгүй залгисан байх вий гээд их санаа зовсон. Хиаманд хуванцар байна гэж яаж санаанд орох вэ дээ.

-Та Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан уу. Гомдол гаргав уу? 

-Тэнд гомдол гаргадгийг мэдсэнгүй ээ. Шууд компанийнх нь чатаар бичиж мэдэгдсэн.

-Компанийн зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

-Цахимаар холбогдсоноос хойш 4 хоноход нээх тоохгүй байсан. Тэгэхээр нь танай сайтад хандаж шалгадаг газар нь хэлээсэй, бусад хүмүүст сэрэмжлүүлээсэй гэж хүссэн юм. Өчигдөр  компаниас холбогдоод уучлалт гуйж, хиамнаас гарсан хуванцарыг авч явсан.

Б.Анхбаяр: Өөр хэлтэрхий байхгүй учраас бүтээгдэхүүнээ  эргүүлэн татах шаардлагагүй гэж үзсэн 

( Хаан хүнс импекс компанийн Борлуулалтын албаны дарга )

-Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичнээн хэмжээний Задь хиам үйлдвэрээс түгээхээр хүлээн авсан бэ?

-Энэ талын мэдээллийг одоогоор аваагүй байна.

-Хиамнаас гарсан гадны биетийг шинжилгээнд өгсөн үү? Үйлдвэрлэлийн аль шатанд орчихов, тогтоосон уу.

-Өгөөгүй, шинжилгээнд өгөх шаардлагагүй.  Манай нэг ажилтан махны машинд ястай мах хийснээс болж махны машины доторх хуванцар хагарсан байсныг тогтоосон. Тиймээс гадны биет гэж үзэхгүй байгаа.

-Бөмбөгөр худалдааны төвд тэр өдрийн шошготой нийлүүлсэн хиамнуудаа эргүүлэн  татах ажиллагаа явуулав уу ?

-Татан авах шаардлагагүй. Эвдэрсэн махны машины доторх хуванцрын хэлтэрхий бүтнээрээ байсан. Өөр хэлтэрхий байхгүй учраас бүтээгдэхүүнээ  эргүүлэн татан авах шаардлагагүй гэж үзсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.