Эрүүл мэндийн салбарт таван шинэчлэлийг эхлүүлжээ

2021-10-13 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн салбар дахь Хууль тогтоомжийн шинэчлэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчлэл, Цалингийн шинэчлэл, Цахим шинэчлэл, Эрт илрүүлэг болон гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан ажлын хэсэг ирж хуралдсан юм. Уг ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Ц.Туваан, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Эрүүл мэндийн яаманд ажиллав.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөл Ц.Уранчимэг нар уг уулзалтад оролцлоо.

Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэл 2024 он хүртэл үргэлжлэхээр холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан. 2021 онд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Донорын тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, 2022 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Цусны донорын тухай, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар салбарын хэмжээнд төлөвлөн ажиллаж байна.  2023 онд Хүний генетикийн тухай хуулийг өргөн барих бэлтгэл ажил эхлээд байна.

2021 онд Эрүүл мэндийн салбарт улсын төсөв, зээл тусламж, хандиваар томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр байгуулагдав. Мөн хэд хэдэн эмнэлэгт иж бүрэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийгээд байна. 2020 онд 36,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байсан бол 2021 онд 100 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг салбартаа хийжээ.

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 39 төрлийн өвчин 2015 онд бүртгэгдэж байв. Эдгээр өвчнийг зөвхөн гадаадад явж эмчлүүлдэг байлаа.  Эрүүл мэндийн салбарт тасралтгүй хийсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд энэ тоог 2021 онд 26 болгон бууруулжээ. Зөвхөн гадаадад л очиж эмчлүүлдэг байсан 13 төрлийн өвчнийг дотооддоо эмчилдэг болоод байна. Эрүүл мэндийн салбар КОВИД-19 өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, хүн хүч, техник тоног төхөөрөмжийнхөө дийлэнх хувийн чиглүүлсэн ч үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүй ажиллах тал дээр менежментийн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгээ ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцууллаа.

Тухайлбал 2021 онд эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Уг тогтолцооны хүрээнд зарим эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, ТУЗ-ын үйл ажиллагааг чанаржуулсан талаараа ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцууллаа.

Эмнэлгийн ТУЗ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Эмнэлгийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Үүнийг хууль тогтоогчид анхааралдаа авч, сайжруулах ажилд туслана гэдэгт итгэж байна гэдгээ ЭМЯ-ны удирдлага гишүүдэд танилцуулсан юм.

Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн нэг нь цахимжуулалт. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахим системүүд тус тусдаа салангид ажиллаж буй. Эдгээрийг нэгтгэх, Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны нэгдсэн платформыг үүсгэх ажлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачлагаар эхлүүлээд байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүд сайшааж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мөн Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэх судалгааг хийсэн талаараа ЭМЯ-ны удирдлага танилцууллаа. 2022 оноос эхлэн цалинг үе шаттай нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцаж, боломжтой бүх л арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхээр зөвшилцсөн юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.