А.Мөнхсайхан: Урд шөнө газар хөдөлсөн цэгт 2018 онд 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдэж байсан

2021-09-8 Мэдээ, мэдээлэл
 А.Мөнхсайхан: Урд шөнө газар хөдөлсөн цэгт 2018 онд 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдэж байсан

Урд шөнө болсон газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт судлалын салбарын мэргэжилтэн А.Мөнхсайхан: Урд шөнө болсон газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл хөрсний хурдатгал хэмжигч, хатуу хөрсөн дээр байгуулсан багаж дээр 3 баллаар мэдрэгдсэн. Гэхдээ газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэл Улаанбаатар хотын сэвсгэр хөрсөн дээр орж ирэхдээ долгионоо өсгөж хүмүүст өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Хүн хаана байгаагаас шалтгаалан чичирхийллийг өөрөөр мэдэрдэг. Мөн хэдэн баллаас дээш газар хөдлөлтийг мэдрэх боломжтой вэ гэдэг ч харьцангуй ойлголт юм. Энэ нь газар хөдлөлтийн хүч, голомтын гүн, газрын хөрснөөс хамаардаг.

Он гарсаар таваас дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт Ханхын давталт хөдлөлтийг эс тооцвол Говьсүмбэр аймагт гуравдугаар сарын 23-нд, Сэлэнгэ аймагт долоодугаар сарын 22-нд болсон. Улаанбаатар хот орчмын бүс нутагт сүүлийн үед газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж, жижиг хөдлөлтүүд маш ихээр болж байна. Зарим тохиолдолд жижиг хөдлөлтүүд ихээр болно гэдэг нь хүчтэй хөдлөлт болох урьтал үзэгдэл байж болдог. Урьд шөнийн газар хөдлөлт болсон цэгт 2018 оны зургаан сарын 28-нд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлж байсан. Таван магнитудын хүчтэй, 10 гаруй километрын гүнд болж буй газар хөдлөлтөөс болоод газрын гадарга дээр хагарал ажиглагддаггүй.  Жаргалант сумын ойр орчмын сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор хохирол учирсан мэдээлэл байхгүй байна.

Дашрамд мэдээлэхэд, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

УЛААНБААТАРТ 5.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ МЭДРЭГДЛЭЭ

Улаанбаатар хотод 00:50 цагт газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-08 00:50:33

Газар зүйн байршил (Өргөрөг, У: 48.64 106.06

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0

Болсон газар : Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд боллоо.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.