Олон бурхан хулгайлсан этгээдүүд баригджээ

2021-08-10 Мэдээ, мэдээлэл

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин суман дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран энэ сарын 9-нд алдагдсан олон бурхныг олж, гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Тус өдөр  Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдэд хулгай орж Майдар, Богд Зонхов, Өндөр гэгээн Занабазар зэрэг  нийт зургаан ширхэг бурхан алдагдсан дуудлага иржээ.  Хэргийг өмнө нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар П, Б, Т гэх этгээдтэй хамт бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас  урьдчилсан байдлаар тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин суман дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн байна.

Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.