Наадмын нээлтээр Нарны домгийг түмэн олонд өргөн барина

2021-06-25 Мэдээ, мэдээлэл

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийг Соёлын дэд сайд, Урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр, Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний урлагийн их театрын дарга МУУГЗ Г.Цоггэрэл, НЗДТГ-ын нийгмийн  бодлогын хэтсийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү нар хүргэлээ. 

Тодруулбал, энэ удаагийн цахим наадамд 350 орчим хүн оролцоно. Наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буй юм. Уг нь өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая төгрөгт багтдаг байсан. Харин энэ жилийн төсөв өссөн нь наадам зохион байгуулах газарт өдөр бүр ариутгал хийх зардал, уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд чанартай хоол, эм бэлдмэл хэрэглэж байгаа аж. Мөн тайз засахын тулд төмрийн ханш үнэд орсон зэрэг нь зардал өсөхөд нөлөөлсөн гэлээ.

Энэ талаар Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл “Энэ жил Нарны домог гэдэг уран бүтээлийг нийт түмэндээ өргөн барьж байгаа. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол. Таван багц сум нэгдвэл хүчтэй, бие биенээ хүндэтгэх хайрлах талаар гардаг. Энэхүү бүтээл нь дэлхийд цацагдаж, нийт түмний сэтгэл санааг өргөнө гэдэгт найдаж байна” гэлээ.

Мөн үндэсний их баяр наадмын арга хэмжээ болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны арга хэмжээ ирэх сарын 11, 12-нд болох бөгөөд радио, телевиз, цахим хэлбэрээр нэг цаг үед шууд дамжуулан өргөн олонд үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй юм. Энэ хүрээнд зохион байгуулалтын ажил аль хэдийнэ эхэлжээ. Мөн цахим хэлбэрээр зохион байгуулах наадмын найруулагчийн баг энэ сарын 14-ний өдөр наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр томилогдсон байна. Энэ багт Ерөнхий найруулагчаар СГЗ найруулагч Н.Наранбаатар, Ерөнхий продюсероор  УГЗ Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар гэсэн хүмүүс томилогджээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.