Пауэрлифтингийнхэн анхны дэлхийн аваргаа өлгийдлөө

2017-05-31 Амрах агшин

Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ боллоо. Энэ тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдсөнөөс нэг алтан медаль хүртэж, Латив улсын тэнгэрт төрийн дуулал нэгэнтээ эгшиглэв. Энэ алтан медаль Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медаль юм. Тухайлбал, тус тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль авсан юм. Энэ амжит Монголын багийн тус тэмцээнээс хүртсэн анхны медаль байв. Түүнээс гадна -105 кг-ын жинд Д.Түмэнжаргал 330 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол -120 кг-ын жинд Б.Алтангэрэл 352.5 кг-ыг шахсанаар алт, Б.Цэрэнчимэд 347.5 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртжээ. Тус жинд Монголын хоёр тамирчин өрсөлдсөн нь мөн анхдагч болов. Тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд болсон юм. Сонирхуулахад Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хэдхэн хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн хороонд  шинээр бүл нэмсэн байна. Тус холбоог бүртгэх хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар МПНХ-г дэмжжээ.

А.Уянга

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.