Олимпын эрхийн тэмцээнд оролцсон чөлөөт бөхийн тамирчдаас халдвар илэрчээ

2021-04-28 Амрах агшин
Олимпын эрхийн тэмцээнд оролцсон чөлөөт бөхийн тамирчдаас халдвар илэрчээ

 

Казахстаны Алма Ата хотноо олимпийн эрх олгох тэмцээнд оролцоод эх орондоо ирсэн Монголын Чөлөөт бөхийн холбооны баг тамирчдын зарим нь коронавирусийн халдвар авчээ. 

Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасан байна.  

Мэдэгдэлд “Манай Үндэсний шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Казахстан улсыг 43-уулаа зорин Олимпийн эрхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод, Болгарын Софи хотод 5-р сарын 06-09-нд болох олимпийн эрхийн сүүлийн боломж тэмцээнд оролцох найман хүнээ үлдээгээд, бусад 35 тамирчин, шүүгч, багш, албаны хүмүүс эх орондоо ирээд тусгаарлалтад дөрөв хонож байна.

Алматыд байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан ба 04-р сарын 21-ний өдөр буюу ирэхээсээ хоёр өдрийн өмнө шинжилгээ өгч сөрөг гэсэн хариу аваад тусгай үүргийн онгоцонд суусан.

Харин энд ирээд тусгаарлах байранд өгсөн шинжилгээгээр хэд хэдэн тамирчдын хариу эерэг гарсан харамсалтай мэдээг бид хүлээн аваад байна. Тамирчдын биеийн байдал хэвийн ил шинж тэмдэг байхгүй хөнгөн хэлбэрийн шинжтэй байна гэж эмч мэргэжилтнүүд оношлосон. Казахстаныг зорихоос өмнө буюу 3-р сарын 10-ны өдөр манай бүх тамирчид вакцины 1-р тунг хийлгэсэн байгаа.

Тус тэмцээнд оролцсон Япон, Өмнөд Солонгос, Киргыз, Иран зэрэг орнууд болон манай оролцогчдоос ковидын халдвар илэрсэн нь тогтоогдсон ба бид энэ тухай холбогдох газруудад мэдэгдэн, тамирчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавин ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд нөмрөөд байгаа цар тахал биднийг тойрсонгүй. Энэ бэрхшээлийг гар гараасаа атган хамтдаа давж гарч чадна гэдэгт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхийн зүтгэлтнүүд та бүхэндээ итгэж байна.

Казахстанд үлдсэн баг бүрэлдэхүүн мөн шинжилгээ өгсөн байгаа бөгөөд сөрөг хариу хүлээн авч бэлтгэл сургуулиа вакум орчинд үргэлжлүүлж байгаа тухай мэдээг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас аваад байна.

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сахилга баттай, өөрийгөө болон өрөөлийг болзошгүй эрсдлээс хамгаалахыг чөлөөт бөхийнхөндөө болон бусад спортын төрлүүдийн спорт холбоодод уриалж байна” гэжээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.