Гай болохоор зай бол гэж үг байдгийг О.Цогтгэрэл гишүүнд “хаяглав”

2021-03-18 Нийгэм

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэдэн саяар нь дэнчингийн төлбөр тушаан АН-ын даргын төлөөх албан тушаалд улайран явахад Баруунтурууныхан түүнээс болж модоо барихад хүрэв. “Тесо”-гийн эзэн гэх тодотголтой О.Цогтгэрэл парламентын босго алхсанаасаа хойш сонгогдсон тойргийнхныхоо эсрэг дуугарч, уур уцаарыг нь барах болсон нэгэн. Жишээ нь, чуулганы хуралдааны үеэр Монголд бие даан хөгжих боломжгүй 77 сум байгааг тодотгож, хөгждөггүй 2000 хүнтэй суманд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй хэмээсэн юм. Мөн сумд 90, 100 жилийн ойгоо тэмдэглэхээс илүү эдийн засгийн хөгжил чухал бөгөөд сүүлдээ цус ойртолт үндэстний асуудал болон хувирсан гэх нь тэр. Уг нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, сонгогчдоосоо виз өвөртлөж, байнгын ажиллагаатай парламентын сэнтийд заларсан бол хариуд нь орон нутгаа хөгжүүлэх учиртай. Хэдийгээр жалга довны үзэл гэх шүүмжлэл өрнөдөг ч тухайн сонгогдсон тойргийнхоо хөгжил дэвшил, иргэдийн амьжиргаанд анхаарлаа хандуулах нь халдашгүй дархан эрх ямбыг эдлэхийн хажуугаар дагалдах үүрэг нь юм. Тиймдээ ч Увс нутгийнхан О.Цогтгэрэл гишүүнд эсэргүүцлээ илэрхийлж, уучлал гуйхыг шаардаж байв.

Гэтэл түүний хэлсэн дараагийн үг дахин балаг тарив. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тооцоо, судалгаагаагүй бусдын үгээр “Цаасан дээр тариа тарьдаг” хэмээн чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ хариуцлага хүлээдэггүй. Тиймдээ ч хамар доорх хагархай гэсэн шиг аягладаг.

Харин тэдний хэлсэн үгнээс улбаатай иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнчигнэх нь бий. Ямартаа О.Цогтгэрэл гишүүний хэлсэн дээрх үгнээс улбаатай тариаланчдад олгодог дэмжлэг урамшууллын мөнгө олгогдохгүй өдийг хүрчээ. Улмаар Увсын Баруунтурууны газар тариалан эрхлэгчдийн ахуй амьдрал зогсонги байдалд орлоо. Сарын дараа хаврын тариалалт эхэлнэ. Гэвч тус сумын дийлэнх болох жижиг аж ахуйн нэгж тариаланчид санхүүгийн хямралд ороод байна.  Тус салбарт ажилладаг ихэнх иргэд банкны зээлтэй ёстой л урд хормойгоороо хойдхоо нөхөж, ахуй амьдрал өр авлагаа зохицуулсаар ирсэн. Үнэндээ газар тариалан нь зардал өндөртэй, ашиг багатай, эрсдэл ихтэй салбар. Шулуухан хэлэхэд, зайрмаг үйлдвэрлэхтэй адилгүй.

Сүүлийн таван жилийн хугацаанд төрөөс зохих дэмжлэг үзүүлсэний үр дүнд, мөн байгаль дэлхий үр шимээ хайрласны хүчинд эл салбар эрс сайжирж, сэргэсэн. Цаашид бааз сууриа өргөтгөөд, бултаараа зүтгэвэл Баруунтурууны тариаланчид баруун бүсээ өлхөн хангах боломжтойг салбарынхан дуу нэгтэй хэлдэг. Харин өдгөө дутагдалтай байгаа зүйл нь өндөр хүчин чадалтай гурилын үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжин байгуулаад ажиллавал биеэ даахад ойрхон болсон салбар. Үүний тод жишээ нь өнгөрөгч 2020 оны намар 22 мянган га газар тариалалт хийж, 30 гаруй мянган тонн улаан буудай хурааж авсан байдаг.

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл та, сонгуулийн үеэр “Өвөл зунгүй сүүний машин явуулах, сум бүрийг онцлогт нь тохируулж хөгжүүлэх, өрх бүрийн хаалгаар боломж оруулах” гэхчилэн амлалтаа байг гэхэд гай бололгүй бүрэн эрхийнхээ хүрээнд түмэн олондоо балаг тарихгүй шиг ордондоо ажиллахыг хүсэж байгааг Увс нутгийнхан танд дайсныг дуулгая.

“ХУРЦ ҮЗЭГ” сэтгүүлчдийн холбоо

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.