М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

2021-03-24 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Үүнтэй холбоотойгоор “Төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдоогүй, тус албан тушаалд тавигдах шалгуурт нийцээгүй хэрнээ томилогдсон” хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилсэн юм. Түүнээс энэхүү албан тушаалд хэрхэн томилогдсоныг нь сэтгүүлч асуухад “Ковидын хуулийн 3.2 дахь заалтыг унш” гэдгээс өөр тайлбар хэлээгүй.

Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” хэмээн заажээ. Тодруулбал, М.Оюунчимэг гишүүний хүү “Би онцгой нөхцөлд үйлчилж буй хуулийн дагуу томилогдсон” гэдгээ хэлжээ. Харин Б.Энхмөрөн өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.