“Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аян эхэллээ

2021-02-23 Мэдээ, мэдээлэл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага санаачлан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран “НҮҮХҮҮ, СУУХ УУ СУДАЛЪЯ” мэдээллийн аяныг өнөөдөр албан ёсоор орон даяар эхлүүллээ.

Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд аян ньхөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалах мөн Улаанбаатар хотоос өөр шилжин суурьших боломжит аймаг, орон нутгийг олон нийтэд таниулах, Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдэд албан ёсны бүртгэл хийлгэхийн давуу талыг мэдээллэх зорилготой юм.

Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 2020 онд нийт 39 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирснээ бүртгүүлсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлжээ. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо бөгөөд шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй хэдэн мянган иргэн цаана нь байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийт нутаг дэвсгэрийнхээ ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь төвлөрч, суурьшиж байгаа нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалалыг 2-3 дахин нэмэгдүүлж шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудлыг ар араасаа дагуулсаар байгаа юм. Түүнчлэн иргэд шилжих хөдөлгөөнд оролцохдоо шилжин суурьшихаар очиж буй газрынхаа талаар мэдээлэл дутмаг, тухайн амьдрах орчноо урьдчилан судалдаггүй, төлөвлөж бэлтгэдэггүйн улмаас очсоныхоо дараа олонсорилтуудтай тулгардаг нь судалгаагаар харагдсан байна.

Аяны хүрээнд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийт 80 гаруй контент иргэдэд хүрэх ба НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Фэйсбүүк пэйжээс мэдээлэл цаг тухайд нь авах боломжтой.Мөн аяны хүрээнд хийгдсэн өөр нэг ажил нь төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.E-Mongolia.mn болон лавлах утас 1111-ээс шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэд авах боломж бүрдээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.