БНХАУ-аас 300 мянган тун вакцин хандивлалаа

2021-02-23 Мэдээ мэдээлэл

Шадар сайд С.Амарсайхан ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглээд Хятадын талаас олгож буй вакцин нь цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан туслалцаж, цар тахалтай хамтран тэмцэж, Хятад, Монголын эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болголоо. Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлт маш давчуу байна. Хятадын тал Ши Жиньпин даргын Хятад вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн чухал амлалтыг биелүүлэхийн тулд дотоодынхоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэх зүйлгүйгээр Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин хийгээд хоёр улсын ард түмний гүн гүнзгий найрамдлыг бүрэн дүүрэн харууллаа. Монгол Улс цар тахалтай илүү сайн тэмцэхэд энэхүү вакцин тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хятадын тал хоёр талын халдвар хамгааллын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлыг хамтдаа ялан дийлж, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааг илүү их үр бүтээлтэй байлгахын төлөө Монголын талтай цаашид ч мөн хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн байна гэлээ.

БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.