Л.Мөнхтүшиг: БНХАУ гадаад оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэх шийдвэр гаргаагүй

2021-02-18 Гадаад харилцаа

Гадаад улсад суралцдаг монгол оюутнуудаас ГХЯ-нд хүргүүлж буй хүсэлттэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбар хийлээ.

Тэрбээр “Гадаад улсад суралцдаг, тэр дундаа ОХУ, БНХАУ-д суралцдаг манай улсын оюутнууд сүүлийн өдрүүдэд ГХЯ-нд олноор хандаж буй.

ГХЯ тухайн оюутнуудын Үндсэн хуулиар олгогдсон суралцах эрхийг боож, зөрчөөд байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж байгаад харамсаж байна.

Бид хөрш орнуудтайгаа албан ёсны байгууллагын түвшинд нь энэ асуудлыг тухай бүрд нь тодруулж, мэдээллийг түгээж ирсэн.

Тухайлбал, БНХАУ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх журмыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсын оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэхгүйгээр цахимаар хичээлээ орох шийдвэр нь хэвээр байгааг хэлье.

Ялангуяа, тус улс нэгдүгээр сард дотооддоо халдвар алдсан тул дотоодын халдвар хамгаалал болон хилийн дэглэмээ улам чангатгасан.

БНХАУ-д манай улсын 10,000 гаруй оюутан суралцдаг тул Боловсролын яамтай нь болон Тэтгэлгийн хороотой нь холбогдоход ч одоохондоо оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэх шийдвэр гараагүй байгааг хэлсэн.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал нааштай шийдвэр гаргаагүй байхад бид оюутнуудаа явуулах боломжгүй. Үүнийг ойлгож хүлээж авахыг хүсье.

Мөн ОХУ-ын Боловсролын сайдын шийдвэрээр зөвхөн хилээ нээсэн улсуудын оюутнууд танхимаар хичээллэж болохоор болсон. Харин манай улсын хувьд тус улстай одоогоор хил хаалттай байгаа.

ОХУ-ын халдварын нөхцөл байдал харьцангуй буурч буй. Гэсэн хэдий ч өдөрт 12,000 хүн шинээр халдвар авч байгаа.

ОХУ-д суралцдаг манай улсын 3,000 гаруй оюутны 95 хувь нь өнгөрсөн оны 3-5 дугаар сарын хооронд өөрсдийн хүсэлтээр ирсэн. Тухайн үед ОХУ-ын халдварын тохиолдол өдөрт 5,000-аар л нэмэгдэж байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс яг өнөөдрийн байдлаар эрсдэлийн хувьд маш өндөр байгаа гэдгийг оюутнууд маань ойлгож хүлээн аваасай гэж хүсье.

Мэдээж цаашид хилээ хэрхэн нээхээ тухайн улсуудтай зохицож, тохирох яриа хэлэлцээ судалгаанууд хийгдэж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.