Улс орны эдийн засагт “харвалт” үүсэх эрсдэлтэй байгаа ч хүүхдийн мөнгөний санхжүүжилтэд 73 сая ам.доллар зээлнэ

2021-03-28 Нийтлэл

 

Коронавирусийн цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн түгшүүрт мэдээлэл тархаад байна. Харин манай улсын тухайд, COVID-19 өвчний халдвар маш хурдацтай тархаж байгаа учраас түүний нөлөөллийг нарийн тооцоход одоогоор хүндрэлтэй байгааг салбарынхан дуу нэгтэй хэлж буй юм.

Ямартай ч улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурчээ. Экспорт 29.5 хувь буурснаас шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23,7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурсан байна. Мөн экспорт буурсныг дагаад импорт 10.4 хувиар хумигдлаа.  Энэ нь коронавирусийн улмаас Хятад улсад түүхий эдийн эрэлт огцом буурснаас буюу тухайлбал, нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар багассантай холбоотой юм.

Энэ мэтчилэн улс орны эдийн засаг “сэхээнд” орох нь цаг хугацааны асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийг цочроосон шинэ коронавирус Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно.

Түүнчлэн холбогдох албаны судалгааны дүнгээс харахад өнгөрөгч оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхийн 85% нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64%) нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73%) орчим нь орлого тасалдсан гэсэн үзүүлэлттэй гарсан. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.

Харин энд нэгэн таатай мэдээлэл дуулгахад, улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй Ковид19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталлаа. Энэ хүрээнд тус төсөл нь КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Тус төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. Тиймээс ямартай ч ирэх жилүүдэд хүүхдийн мөнгөний санхүүжилтэд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.