Гадаадад байгаа 7378 иргэн сонгуульд оролцохоо мэдэгджээ

2017-05-26 Ерөнхийлөгч

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж,  хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Эхлээд гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээллийг сонслоо.  Мэдээллийг тус комиссын дарга Д.Даваасүрэн хийв. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулж дуусчээ. Сургалтад  200 орчим хүн  хамрагдсан байна.

Түүний мэдээлснээр хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлжээ. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталжээ.  Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна. Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргажээ.

Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио, телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргажээ.

C.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.