“Нас баралтын 2 тохиолдол нь архаг хууч өвчнөөс болсон”

2021-02-2 Мэдээ мэдээлэл

ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийж, тайлбар өглөө.

Тэрбээр “Хоёр зүйл дээр тайлбар мэдээлэл өгье. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн нас баралт бүртгэгдээд байгаа. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчин/зүрх судасны дутагдал, зүрхний хэм алдалт/-ий улмаас нас барсан. Хоёр тохиолдол нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Тухайн хоёр хүний хувьд мөн архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Эхний нас баралт 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүртгэгдсэн бол 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-ны өдрүүдэд дараа дараагийн нас баралтууд бүртгэгдсэн байна. Өнөөдөр нас баралтын нийт тоог мэдээлсэн.

Дараагийн мэдээллийг хүргэе. Бид халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт өдөртөө 25-35 тохиолдол нэмэгдсэн. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгдээд явдаг. “Тоёоко Инн” зочид буудалд сүүлийн долоо хоногт өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтал 300 орчим хүн тусгаарлагдаж байсан. Тусгаарлалтад байсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингээд халдвартай иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

Тусгаарлан ажиглах байранд хавьтлуудыг долоо хоног тусгаарлах хугацаанд хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй бол гэрийн ажиглалтад шилжүүлэн долоо хоног ажиглаж байгаа” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.