Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Т.Мөнхбаяр сонгогдов

2021-01-29 Амрах агшин

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, шинэ ерөнхийлөгчөөр Төмөрийн Мөнхбаярыг сонголоо.

Монголын топ 4 спортын нэгд багтдаг тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нэр дэвшин ийнхүү Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч болов. Тэрбээр 2013-2016 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч холбооны тулгамдсан асуудал болох ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болон Хяналтын зөвлөл байгуулах, “Токио-2020” олимпын наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан холбооны Бага хурлыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдсэн анхны тушаалаа гаргасан байна.

Шинэ ерөнхийлөгч “Токио-2020” олимпын наадам хүртэлх энэ багахан хугацаанд яаж үр дүнтэй ажиллаж, амжилт гаргах талаар өөрийнхөө санаа бодлыг хуваалцад. Дэлхий даяар тархаад буй “Ковид-19” цар тахлын үед тамирчидаа хэрхэн бэлдэх, олон улсын уралдаан тэмцээн, олимпын эрх, олимпын наадамд амжилт гаргах талаар баг хамт олонтой нягт хамтарч ажиллана гэдгээ онцолсон байна.

Тамирчид, дасгалжуулагч, клубүүдийн хувьд хамгийн их шаардлагатай боксын сайн чанарын бэлтгэлийн иж бүрэн хувцас, хэрэглэл материал зэргээр нэн даруй хангах ажлыг эхлүүлэхээр болов. МБХ-ны дэргэд Тусгай сан байгуулж түүгээр дамжуулан ахмадууд, тамирчид, дасгалжуулагчид, шүүгч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж байх. Тамирчдын боловсрол, хүмүүжилд илүүтэй анхаарах хэрэгтэй гэдгийг ч онцолж байв.

Монголын боксын холбооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ МБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тэрбээр 2013 оноос энэхүү сонгуульт албыг хашсан юм.

Ташрамд сонирхуулахад, Монголын боксын холбооны анхны ерөнхийлөгчөөр 1951-1957 онд Р.Зориг ажиллаж байсан бол 1958-1963 онд М.Сэр-Од, 1967-1970 онд М.Мэндсайхан, 1970-1986 онд С.Рэнцэнхорлоо, 1987-1991 онд С.Болд, 1992-1995 онд Г.Зориглон, 1996-1997 онд М.Золбоот, 1998-2000 онд Ж.Наранцацралт, 2001-2005 онд Ш.Сайхансамбуу, 2005-2009 онд Д.Цогбаатар, 2009-2012 онд Ч.Ганзориг, 2012 онд О.Содбилэг, 2013-2020 онд Д.Бат-Эрдэнэ тус тус ажиллаж байжээ.

Өдгөө 73 жилийн түүхээ бичиж байгаа Монголын үе үеийн боксчдоос олимпын алтан медальтан Э.Бадар-Ууган, мөнгөн медальтан П.Сэрдамба, Н.Төгсцогт, хүрэл медальтан Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарын боксчид тодорсон Монголын олимпын топ 4 спортын нэг билээ.

Мөн Монголын боксчдоос Дэлхийн аварга 1 /П.Сэрдамба/, ДАШТ-ий мөнгөн медальтан 4 /Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт /, ДАШТ-ий хүрэл медальтан 5 боксчин /Э.Цогтжаргал, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ /хос хүрэл/, Д.Отгондалай, М.Нандинцэцэг-эмэгтэй, Д.Цэндбаатар/ төрөөд байгаа юм.

Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, Н.Баярсайхан тэргүүтэй Ази тивийн аварга эрэгтэй 11, эмэгтэй 2 тамирчин тус тус төрөн гараад байгаа билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.