Сүхбаатар дүүргийн зарим хороонд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоов

2021-01-26 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гаргалаа.

Уг захирамжаар 16-р хорооны Бэлхийн 34-р гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжуудыг хамруулан 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн явуулын 6 баг ажиллаж эхэллээ. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

Иймээс хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг СБД-ийн Онцгой комисс уриалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.