Нобелийн шагналаас ч татгалзаж болно

2021-01-12 Амрах агшин

 

Тэр энэ үзлээ тодорхойлохдоо “Хүн бол хүний ирээдүй юм” хэмээн тодорхойлжээ. Сонголттой тулаагүй цагт “Би” болон ертөнц огт утгагүй. Харин сонголттой тулж, ямар нэгэн сонголт хийсний дараагаар ертөнц өрнөж, үнэт зүйлс урган гарч, хүний амьдрал ундарч эхэлдэг гэж Сартр үзэж байлаа.

Нобелийн шагналыг өгье гээд байхад хүртэхээс татгалзсан цөөхөн хүний нэг нь Жан Поль Сартр. Түүнд 1964 онд “Эрх чөлөөний тухай ойлголтыг цэгцэлж, баялаг санаагаар баяжуулахын зэрэгцээ жинхэнэ уран бүтээл туурвиснаар орчин үеийнхэнд гүн нөлөө үзүүлсэн” хэмээн магтаж, Нобелийн шагналыг гардуулах гэсэн боловч Сартр ямар нэгэн нийгмийн институтэд хамааралтай юм уу, өртэй байхаас сэргийлэн өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрахын тулд татгалзсан юм.

Эргээд харахад, Сартр үнэхээр эрх чөлөөний тухай ойлголтыг түгээн тунхагласан хүний хувьд элдэв шагналаас татгалзахаас ч аргагүй байж. Ингэснээр тэр үзэл бодлоо олон нийтэд улам ойлгуулж чадсан юм. Сартрын гүн ухаан, үзэл баримтлалын гол нь эрх чөлөөний тухай ойлголт юм.

Сартр хүн төрөлхтнийг эрх чөлөөтэй байх үүрэгтэй гэж үзэж байж. Эрх чөлөөтэй байдаг нь л хүний мөн чанар гэж тэр үзсэн юм. Гэхдээ тэр эрх чөлөө гэдгийг идэвхгүй хүн гэж үзсэнгүй. Амьдрал энэ хорвоод заяасан хүнд аяндаа сонголт хийх эрх чөлөөг өгдөг. Хүн өдөр бүр, цаг хором тутамд сонголт хийх эрх чөлөөг эдэлж байдаг. Тэр нөхцөл байдалтай эвлэрч болно, эсвэл эвлэрэлгүй тэмцэж болно. Энэ бол тэр хүний л сонголт. Хүн сонголтоо өөрөө хийж, эрх чөлөөгөө эдэлсэн юм чинь ирээдүйнхээ төлөө хариуцлагыг зөвхөн өөрөө л үүрэх ёстой гэсэн дүгнэлтийг мөн гаргасан.

Тэр энэ үзлээ тодорхойлохдоо “Хүн бол хүний ирээдүй юм” хэмээн тодорхойлжээ. Сонголттой тулаагүй цагт “Би” болон ертөнц огт утгагүй. Харин сонголттой тулж, ямар нэгэн сонголт хийсний дараагаар ертөнц өрнөж, үнэт зүйлс урган гарч, хүний амьдрал ундарч эхэлдэг гэж Сартр үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, хүний үйлдэл, хөдөлгөөн л ертөнцөд утга агуулга авчирдаг аж. Ийнхүү тэрээр олны өмнө сонголтыг хэрхэн хийж болдгийг тодоос тод харуулж Нобелийн гэх шагналаас эрс татгалзсан юм.

Г.Пүрэвсүрэн

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.