Ковид тусаж эдгэсэн ч хүний биед элдэв ЭМГЭГ үй олон үлддэгийг тогтоожээ

2021-01-6 Мэдээ мэдээлэл

Ковид тусаж эдгэсний дараа ямар эмгэг түгээмэл байдлаар үүсэж буй талаар ийнхүү тодруулж байна. Тэгвэл ковидийн дараах эмгэгт өртөх эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс хамаарах вэ?

SARS-CoV-2-ийн халдвар авсан ихэнх хүмүүст хөнгөн хэлбэрийн богино хугацааны шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд шинж тэмдэггүй тохиолдол багагүй байна. Гэсэн хэдий ч зарим хүмүүс урт хугацааны хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэйгээр өвчилсөөр байгаа юм.

Ковид-19-ийн дараах эмгэгийн эрсдэлт бүлгийг тодорхойлохын тулд бид ямар эмчилгээний арга хэрэглэж байгаа болон өвчлөлийн эхэнд ямар арга хэмжээ авбал эмчилгээ үр дүнтэй байгааг ойлгох нь зүйтэй болов уу.

Урт хугацаанд үргэлжлэх Ковид-19-ийн эмгэгийн үед буюу Ковид тусаж эмчлэгдсэний дараа хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Үүнд амьсгалж чадахгүй байх, сульдаж ядрах, толгой өвдөх болон үнэр болон амт мэдрэхгүй байх зэрэг хамаарна.

Дэлхийн улс орнуудын эрдэмтдийн 384 хүнд хийсэн судалгаагаар эмнэлэгт эмчлэгдсэн өвчтөний 53 хувьд эмнэлгээс гарснаас 1-2 сарын хугацаанд амархан амьсгаадах шинж тэмдэг илэрч байсан бол 34 хувь нь ханиалгах шинж тэмдэг илэрч байжээ. Харин ихэнх нь буюу 69 хувьд нь сульдах шинж тэмдэг илэрсэн байна. Үнэндээ нийт Ковид-19 тусаж эмчлэгдсэн хүмүүсийн 13 хувьд эдгээр шинж тэмдэгүүд 28 болон түүнээс дээш хоногийн турш ажиглагдаж байсан бол дөрвөн хувьд нь буюу 56 болон түүнээс дээш хугацаагаар их бага хэмжээгээр шинж тэмдэг илэрч байжээ.

Энд нэг зүйлийг онцлоход, мэдээж хүнд хэлбэрийн өвчлөл үүсэж эмчлэгдсэн хүн урт хугацааны Ковидийн буюу эдгэсний дараах эмгэгийн өндөр эрсдэлтэй байна. Эмэгтэй, биеийн жингийн индекс өндөртэй болон өндөр настай байх нь Ковидоор өвчилж эмчлэгдсэний дараа эмгэг үүсэх эрсдэл өндөртэй байх гол хүчин зүйл болж байна.

Өөр нэгэн судалгаагаар SARS-CoV-2 нь биеийн эрхтнүүдэд урт хугацааны гэмтэл үүсгэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Энэхүү судалгааг Ковид-19-өөр өвчлөөд эдгэсэн нийт 200 өвчтөн дээр хийсэн байна. Үүнд, өвчтөнүүдийн 32 хувь нь зүрхний хөнгөн хэлбэрийн гэмтэлтэй, 33 хувь нь уушгины гэмтэлтэй байсан аж. Харин 12 хувь нь бөөрний гэмтэлтэй байж. Мөн давхар эрхтний гэмтэлтэй өвчтөн 25 хувийг эзэлж байжээ. Энэхүү судалгаанд хамрагдсан өвчтөнүүд дунджаар 44 настай байсан ба залуу насны хүн цөөхөн байв. Сонирхолтой нь зөвхөн 18 хувь нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэмжээний хүнд хэлбэрээр өвдсөн байгаа нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнд ч эрхтний гэмтэл үүсэж байгааг харуулж байна. Тип-2 чихрийн шижин болон судас нарийссанаар үүссэн зүрх судасны өвчин нь илүү хүнд хэлбэрийн Ковид-19-ийн өвчлөл үүсэхэд хүргэж байгаа хэдий ч эдгээр нь эрхтний гэмтэл үүсэх шалтгаан болдоггүй ажээ.

Магадгүй вирусийн халдвар авсны дараа сар болон түүнээс урт хугацаанд шинж тэмдэг илрэх нь олон шалтгаантай байж болох юм. Тодорхой эрхтнүүдэд үзүүлсэн гэмтлийг илрүүлэх нь харьцангуй амархан байдаг. Клиникийн судлаачид зүрхний өвчин үүссэн тохиолдолд зүрхний эргэн тойрон дахь цахилгаан урсгалыг хэмжсэнээр илрүүлэх боломжтой. Уушгины үйл ажиллагааны хувьд амьсгал боогдох, амьсгалж чадахгүй байх нь нийтлэг шинж тэмдэг юм.

Харин бөөрний үйл ажиллагаа алдагдсаныг тодорхойлохын тулд өвчтөний цусны сийвэнгийн найрлагыг шээсний агууламжтой харьцуулан шинжилж, бөөр хаягдал бүтээгдэхүүнийг хэрхэн шүүж байгааг тодорхойлдог. Мөн сульдах шинж тэмдгийг илрүүлэн батлах илүү хүнд байдаг.

Өөр нэгэн томоохон судалгаагаар Ковид-19-өөр өвчилсний дараа нийт тохиолдлын хагас нь хэр хүнд өвчилснөөс үл хамааран сульдах шинж тэмдэгтэй байсан ажээ. Мөн түүнчлэн эдгээр хүмүүсийн дархлааны системийн үйл ажиллагаа хэт өндөр төвшинд байгаагүй буюу энэхүү сульдах шинж тэмдэг урт хугацаагаар өвдөж дархлааны систем ачаалалтай ажилласнаас болж үүсээгүй гэсэн үг юм. Энэхүү судалгаан дахь Ковидийн дараа урт хугацаагаар шинж тэмдэг илрэх эмгэг сонирхолтой нь стресс болон уур бухимдалтай байсан эмэгтэй хүнд үүсэх магадлал өндөр байв.

Харин эрэгтэй хүн халдвар авч хүндээр өвдөх эрсдэл өндөртэй байхад эмэгтэй хүн эдгэсний дараа урт хугацаанд шинж тэмдэгтэй байгаа нь бидний ялгаатай гормоны байдлыг харуулж байж болох юм. SARS-CoV-2 эсэд нэвтрэхдээ хэрэглэдэг ACE-2 уураг нь амьсгалын тогтолцооны эсүүдийн гадаргууд байхаас гадна гормон ялгаруулдаг маш олон эрхтний эсийн гадаргууд байдаг. Үүнд бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай болон өндгөвч багтана.

Зарим энэхүү эмгэгийн шинж тэмдгүүд цэвэршилтийн шинж тэмдэгтэй давхцаж байгаа ба эдгээр шинж тэмдгийг бууруулах нэгэн эмчилгээ нь гормоны эмчилгээ байгаа ажээ. Гэсэн хэдий ч энэхүү эмчилгээ аюулгүй болон үр дүнтэй гэдгийг батлахын тулд олон судалгаа хийх шаардлагатай байгаа аж.

Сүүлийн үед Ковид хурдан тусаад эдгэчих юмсан гэсэн хандлагатай хүмүүс их болжээ. Хэдий улс эмчилгээг дааж байгаа ч эдгэсний дараа Ковидийн урт хугацааны эмгэг үүсэх өндөр магадлалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа, эмэгтэйчүүдэд хүчтэй нөлөөлж цэвэрших хүртэл гормоны хэмнэлийг алдагдуулах магадлалтай байна. Аль болох гараа сайн угааж эрүүл байж вакцинаа хүлээх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: www.sciencealert.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.