ЭМЯ: Хан-Уул дүүргийн 4-р хороонд халдварын шинэ голомт илэрсэн

2020-12-4 Мэдээ мэдээлэл

 Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.04) мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 04-ний 11.00 цагийн байдлаар нийт 19680 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 12 хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод долоон тохиолдол илэрсэн бөгөөд ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч, өмнөх батлагдсан тохиолдлуудын таван хавьтлаас тус тус илэрлээ.  Нийт 12 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан  тохиолдол 831 болов. Үүнээс эдгэрсэн 365, нийт 457 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь хүнд гурав, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн, нутаг буцсан есөн хүн байна.

Зөөвөрлөгдөн ирсэн халдварын нийт тохиолдол 383. Харин дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 448 боллоо. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод шинээр долоо, нийт тохиолдол 96
  • Сэлэнгэд шинээр дөрөв тохиолдол, нийт тохиолдол 193
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 21
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 24
  • Дархан-Уулд шинээр нэг, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Энхсарангаас илэрсэн нийт тохиолдол 49
  • ХӨСҮТ-ээс шинээр хоёр, нийт тохиолдол 13

Өчигдөр мэдээлсэн автобусны жолоочийн онош батлагдсан. Энэ хүн арваннэгдүгээр сарын 30-наас хойш тусгаарлаад байсан. Одоогоор тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байна. Автобусны жолоочийг бид гэрийн хорионд байлгаж байсан. Бид халдварын голомтоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг 21 хоног тусгаарлаж байгаа. Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын ам гэдэг газраас халдварын голомт илэрсэн. Бид халдвар гарсан газруудын байршил, халдвар авсан хүмүүсийг нэрсийг ил гаргахгүй. Ил гаргахаар хүмүүс очоод гэрийнх нь цонхыг хагалж, байрнаас нь хөөж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгийг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн санхүүгийн хүнд байдалд байна. Бид НҮБ-тай хамтарч ажиллаж 440 гаруй иргэнд санхүүгийн туслалцаа үзүүлж, эх оронд нь авчирсан. Өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас 2154 хүн яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд 2-3 нислэг хийх талаар судалж байна. Яаралтай ирэх хүсэлтэй хүмүүсийг эдгээр нислэгээр авчирна. Хүнд байгаа байдалд байгаа 100 иргэний заримынх нь тусгаарлах байр, нислэгийн төлбөрийг нь бүрэн дааж авчрах болно. Арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн Хятадаас нүүрсний хязгаарлалт тавьж эхэлсэн. Бид нүүрсний экспортыг тасалдуулахгүйн тулд ажиллаж байна. Монголын талд хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхөөр яригдаж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнөөдрийн байдлаар 4244 хүнийг халдварын хавьтал хэмээн үзэж тусгаарлаад байна. Эрүүл мэндийн байгууллагын 2589 ажилчин 24 цагаар ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 194,208 хүн шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 137,469 хүний хариу сөрөг гарсан бол 56,739 хүний хариуг шинжилж байна. Аль болох витамин, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, шингэн зүйлсийг бага багаар ууж байхыг сануулж байна. Халдвар өвчин тусаад өвдөхгүй хүмүүс байна. Шинж тэмдэггүй байж байгаад 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрч буй хүмүүс ч байна. Энэ өвчний нууц үе 14 хоног. Халдвар гарсан газраас 28 хоногийн дотор дахин халдвар гараагүй бол халдвар цомхотгосон гэж үзэж байгаа. Нэг удаагийн шинжилгээнд бүрэн зогслоо гэж үзэж болохгүй.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ:

Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас мэргэжлийн анги гарч ажилласан. Ингээд тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, аваачаад байна. Тухайн хүүхдүүдийг тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл байрны СӨХ болон иргэд гэрт нь оруулахгүй байсан юм байна. Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг ч 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа ч өөрчлөгдөж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.