Covid-19 халдварын эрсдэлд ороход мэдээлэл нь И-баримт апплейкшнд ирнэ

2020-12-3 Засгийн газар

 

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.12.03/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Иргэд, аж ахуй нэгжүүд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн цахим платформыг хийсэн талаар мэдээллээ. Тодруулбал өмнө нь ашиглаж байсан дэд бүтцээ ашиглаж 1.7 сая хүн бүртгэлтэй И-баримт апплейкшн дээр тулгуурлаж энэхүү платформыг хийсэн аж.

Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ “Засгийн газар, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгч, үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар салбарынхан бүгд qr.119.mn сайтад бүртгэлд хамрагдаж, тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны төрөл, холбогдох утас, байршил зэргийг бүртгүүлж QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулна. Харин иргэдийн хувьд тухайн аж ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ үүдэнд нь QR кодод заавал уншуулна. Ингэснээр халдварын эрсдэлд орлоо гэхэд хэдхэн секунтын дотор мэдээлэл нь И-баримт апплейкшнд ирнэ. Тухайн халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлыг олох цаг хугацааг хэмнэнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, qr.119.mn сайтад хандан газрын зураг дээр өөрийн байгууллагын байршил, нэр, утасны дугаараа оруулан QR кодоо үүсгэх боломжтой. Тэрхүү кодоо иргэд уншуулж, тухайн байгууллага руу нэвтрэх аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглаж тандалтын судалгааг хийдэг. GPS, Bluetooth гардаг эрсдэл нь хувь хүний мэдээллийг алдах магадлал бий учир QR-ыг сонгосон. QR систем иргэний хувийн мэдээллийг алдахгүй байх ач холбогдолтой. QR системийг 1.7 сая хэрэглэгчтэй и-баримт апп-ыг ашиглаж оруулж байгаа. QR.119.mn гэсэн сайт руу нэвтэрч газрын зураг дээр тухайн байгууллагын байршлаа оруулаад, утасны дугаар зэрэг холбогдох мэдээллээ оруулаад хэдхэн секундэд байгууллагынхаа QR кодоо үүсгэх боломжтой. Энэхүү QR кодоо ААН-үүд үүдэн хэсэгтээ байршуулна. Иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ и-баримт системээ ашиглан QR кодыг уншуулна. Тухай байгууллагад халдвар гарлаа гэхэд үйлчлүүлсэн иргэдийн гар утсанд нь маш богино хугацаанд мэдээлэл нь очно.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг:

Цар тахалтай тэмцэж буй төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх, мөн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-наас хойш И-баримтад өөрчлөлт орж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй хүн энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг ашиглаж байгаа. И-баримт системийг утсандаа суулгасан иргэн аппликэйшний дээд буланд байрлах Ковид-19 гэсэн цэсний QR код уншуулах хэсэг рүү ороод тухайн албан байгууллагын үүдэнд наагдсан QR кодыг уншуулна. Хувь хүний мэдээлэл шаардахгүй. Хэрэв QR кодыг зөв уншуулсан тохиолдолд “Танд баярлалаа” гэсэн мэдэгдэл гарна.

 

<

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.