Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

2017-05-21 Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр газар тариалангийн бүс нутагт ажиллаж буй юм байна. Тэрбээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Маргааш буюу тавдугаар сарын 22-ны даваа гаригт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцах юм байна.

Ирэх намраас Япон улс руу төмс экспортолно

Дашрамд дуулгахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр газар тариалангийн бүс нутгуудад ажиллахдаа Төв аймгийн Жаргалант сум дахь “Эх баян булаг” компанийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус компани энэ онд 3000 га талбайд улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан жилд 1500-9000 тонн ургац авдаг бөгөөд одоогоор тариалалтын явц 93 хувьтай байгаа аж. Тус компанийн удирдлагууд төмсний борлуулалтыг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг тариаланчид хэлжээ. Мөн дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд болон импортын төмсний үнэ хямд байгаа нь жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад сөргөөр нөлөөлдгийг ч онцолсон байна.

Ерөнхий сайдын зүгээс тариаланчдын борлуулалтыг дэмжихэд Засгийн газар анхааран ажиллаж буйг онцлоод, энэ намраас эхлэн Япон улс руу төмс экспортлохоор тохирсон гэдгийг дуулгажээ. Энэ хүрээнд Япон руу хоёр удаа дээж явуулсан бөгөөд Японы шаардлагад тэнцсэн байна.

Төв аймгийн хэмжээнд хаврын тариалалт энэ сарын 5-нд эхэлж, тариалалт одоогоор 50 хувьтай байгаа аж. Тус аймаг энэ онд 93 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 6500 га-д төмс, 922 га-д хүнсний ногоо, 7000 га талбайд тэжээлийн ургамал тарих юм байна.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.