Алтанбулаг боомтыг хамгийн эрсдэлтэй цэгээр тооцож, ачаа тээвэрт зохицуулалт хийхээр болжээ

2020-10-27 Засгийн газар

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын асуудлыг мэдээллээ. 

Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд шинэ горимд оруулах шийдвэр гарсан байна.

Тэрбээр “Жолооч нарыг Алтанбулагийн боомтоос нааш нь нэвтрүүлэхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авах шийдвэр гарч байгаа. Холбогдох хүмүүс тус газар дээр очиж үзээд цаашид Алтанбулагийн боомт дээр ачаагаа авах болон транзит ачааг хязгаарлах шийдвэр гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, Алтанбулаг боомтоос ачаагаа нааш татахад хязгаарлалт хийнэ. Алтанбулаг боомтоос галт тэргэнд шилжүүлэх боломжтойг ачааг нь шилжүүлээд, боломжгүй ачаануудын галт тэргийн толгойг нь шилжүүлэх байдлаар зөөх юм.

Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдээс буюу тэр дундаа улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас халдвар илэрч байна. Иймд  хамгийн эрсдэлтэй цэг гэж үзээд тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа юм. Хэд хэдэн боомт дээр эрсдэл өндөр байна гэж үзсэн тул хяналтын арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа” гэв.

Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаар оруулах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.