MONGOLIAN LAMB брэнд Монголын ХАА-н тогтолцоог шинэчилнэ

2020-10-16 Мэдээ, мэдээлэл

“Чинээлэг малчин” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн малчид “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-аар дамжуулан хурганы махаа зах зээлд нийлүүлж эхэллээ.
Малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг дэмжих зорилгоор “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, “Мон Эколэмб” ХХК, “Цалуут Импекс” ХХК-ийн махны үйлдвэр хамтран гурван талт гэрээг байгуулсан юм. Энэ хүрээнд “Мон Эколэмб” ХХК нь монголын зах зээлд анх удаагаа монгол хурганы махыг нийлүүлж байна. “Mongolian Lamb” нэртэй энэхүү брэнд нь цэвэр бэлчээрийн монгол хурганы махыг олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрт боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан сав, баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж байгаа юм.
“Чинээлэг малчин” төсөл нь малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлдэг болгох зорилготой. Түүнчлэн малын тооноос чанарт шилжиж, бэлчээрээ хамгаалах, мал сүргийн бүтцийг чанаржуулах, эрүүлжүүлж, органик хурганы махаар төв суурин газрын хэрэглэгчдийг хангах, монгол хүн эрүүл, аюулгүй хүнсээ хэрэглэх дадал, соёл бий болгох зорилготой. Нөгөөтэйгүүр малчид цөөн тооны эх малаа маллаж өвлийг давах, төл малаасаа тогтмол орлого олох боломж бий болж байна. Тиймээс “Mongolian lamb” брэнд нь монголын хөдөө аж ахуйн тогтолцоонд шинэчлэл авчрах, цоо шинэ алхмыг хийж буй цогц төсөл юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.