Э.Оюунболдыг шүүх хурал ирэх даваа гарагт товлогдлоо

2020-10-16 Мэдээ, мэдээлэл

Э.Оюунболдын допингийн хэргийг шүүх хурал  аравдугаар сарын 19-ний даваа гарагт Улсын Дээд шүүхэд болохоор тов гарсан байна.

Эргэн сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэн түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй Улсын Дээд шүүхэд хандсан. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.