ЭМЯ: 866 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020-10-9 Мэдээ мэдээлэл
 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аравдугаар сарын 7,8 нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал,

  • 10 сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ
  • 9 сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ
  • 9 сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ,
  • Франкфуртын онгоцоор иргэсэн 262 хүний давтан шинжилгээ
  • 10 сарын 5-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ
  • 9 сарын 18, 22, 23-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлан ажиглагдаж байгаа 2 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Мөн сайн дураар шинжилгээ өгсөн 9 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 жолоочид мөн коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 315 байгаа ба 308 хүн нь 98 хувь эдгэржээ.

Дорноговь аймагт тусгаарлагдсан 70, Дундговь аймагт тусгаарлагдсан 6, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж ажилласан 26 эмч, ажилтны шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна” гэв.

Мөн энэ өдөр МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хилийн хорио цээрийн хяналтын газрын үндсэн бодлогод 4 төрлийн ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгддэг.

  • Хүн малын гоц халдварт өвчин буюу коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байна.
  • Ургамлын хорио цээрийн хяналтын талаар ариутгал халдваргүйтгэл хийдэг.
  • Танадалт судалгааны зорилгоор тодорхой удирдамжтай төлөвлөгөөт ариутгал, халдваргүйтгэлийг хийдэг.

Хилийн боомт дээр 35 мэргэшсэн ариутгагч, халдваргүйжүүлэгч ажиллаж байна. Тухайлбал,

  • Буянт-Ухаа боомт дээр 7
  • Алтанбулаг боомт дээр 4
  • Замын-Үүдэд 4
  • Бусад боомтод 2-4 мэргэжлийн ариутгагч ажиллаж байна.

Халдварын эх уурхайг дамжин тархах үйл ажиллагааг таслан зогсоох эрх, үүрэгтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш улсын хилээр нэвтэрсэн 278.288 тээврийн хэрэгслийг урьдчилан сэргийлэх болон халдваргүйтгэлд хамруулсан. Үүнээс

  • Онгоц 427
  • Галт тэрэг, зүтгүүр 6888
  • Суудлын машин 1543
  • Автобус 272
  • Ачааны автомашин 269.858 ариутгасан.

Ачааны машин дотор экспортод гарч байгаа тээврийн тоо багтсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын чиглэлээр гарч байгаа нүүрс, жонш гээд энэ бүхэн Монгол Улсын хилээр гарч хяналтад хамрагдаж байна.

Анхаарал татаж байгаа нэг асуудал нь улс хоорондын тээвэр. ТИР машинаар явагддаг импортын бараа, бүтээгдэхүүн бий. Алтанбулагийн боомтоор өдөрт 30-40 ТИР концевцийн хүрээнд явагддаг импортын барааны машинууд орж ирдэг. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 5441 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Эдгээр машин Улаанбаатар хотод 200-400 тонн хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Эдгээр барааг гадаргуугын халдваргүйжүүлэлтэд хамруулж байгаа” гэлээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.07-НЫ 11:00 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.09-НЫ 11:00 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, October 8, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.