Тодруулга:
-“Эрдэнэс-Монгол” компани 1,4 их наяд төгрөгийн өртэй гэв-
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өглөө. Хуралдааны дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Байнгын хорооны хуралдаан дээр “Эрдэнэс-Монгол” ХХК нэлээд өртэй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар тодруулна уу?
-Сүүлийн үед өр, төлбөр өссөн. “Чалко”-гийн өрийг барагдуулсан ч “Хүний хөгжил сан”, Хөгжлийн банкинд өртэй байна. Багануур, Шивээ-Овоо дээр урт хугацаатай зээлийн өр төлбөр бий. Ойрын хугацаанд өр төлбөрөө барагдуулж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхээр тодорхой зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, “Тавантолгой”, Багануур, Шивээ-Овоо, “Мон-Атом” компани болон Оюутолгой компанийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд экспортолж байгаа нүүрсний үнэ доогуур байсан. Харин энэ оноос дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдэж, 1.1 их наяд 457 тэрбум төгрөгийн орлого олж ажиллахаар төлөвлөсөн. Ажил ч хэвийн явагдаж байна.
-“Эрдэнэс-Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгосон. Бодит хувьцааг хоёр дахигч санхүүгийн зах зээлд гаргах бэлтгэл хийж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэг ширхэг хувьцааны үнэ хэд байх бол?
-Одоогоор үнэлгээ хийгдээгүй байгаа. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар үнэлгээ хийлгэхээр тендэр зарлаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар компанийн баланс дээр 300 сая төгрөг байдаг. Гэхдээ бидний тооцооллоор 11,4 их наяд төгрөг гэж тооцоолж байна. Үүнийг хувьцаа эзэмшигчид хуваагаад үзэхээр 900 мянга орчим төгрөг болж байгаа. Гэхдээ хөрөнгийн үнэлгээг албан ёсоор хийлгэж байж тодорхой тоо гарна.
-Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд танайхыг ойролцоогоор 1,4 их наяд төгрөгийн өртэй гэж ойлгосон. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан юу вэ?
–1.4 их наяд төгрөгийн өр төлбөр байгаа. Төлбөрийг яаж барагдуулах талаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. “Тавантолгой” компани дээр есөн төрлийн Засгийн газрын тогтоол гаргасан байгаа. Гэхдээ манай компани нэгдүгээр улиралд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоогоор нэг тонн нүүрсийг 73,4 ам.доллараар өгч байгаа. Бид нүүрс авна гэсэн хүн бүрт өгч байгаа. Ер нь бид урьдчилгаа төлбөр болоод тээвэрлэлтийн асуудал дээр анхаарал хандуулж байгаа. Мөн манай компани “Хүний хөгжил сан”-д тавьсан 230 сая ам.долларын өр бий.
-“Эрдэнэс Монгол”-ын хөрөнгийн хэмжээний тухайд?
-Манайх 2.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Азийн хөгжлийн банкны төслөөр үнэлгээ хийлгэхээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар эксперт хийлгэх компанийн сонгон шалгаруулалт явуулж байна. 2018 онд нийт группын хэмжээнд үнэлгээ хийж дуусна.
О.Соёмбо
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.