Антибиотик малыг хордуулж байна

2017-05-17 Мэдээ, мэдээлэл

Антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран төлөвлөгөө боловсруулж байна. Иймд зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Жишээ нь ивермектин (Ivermectin) хэмээх нь антибиотик юм. Энэ нь макролипидын бүлгийн антибиотик бөгөөд мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм аж. Манай улсад 2017 оны байдлаар ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эдгээрийг дотоодын малын эмийн гурван үйлдвэр үйлдвэрлэж, малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 аж ахуйн нэгж найман улсаас импортолдог. Зах зээлд жилд дунджаар 60 мянган литр орчим ивермектин агуулсан малын эмийг үйлдвэрлэж, импортлон борлуулж байна.

Ингэснээр дотоодын зах зээлд илүүдэл үүсч тус эмийн хэрэглээ хэт ихэсэхэд нөлөөлж байна. Мөн уг эмийн талаарх малчдын ойлголт тааруу, хандлага буруу байгаагаас эмийн зохистой хэрэглээ алдагджээ. Хэт удаан хугацаанд малын бие махбодид хуримтлал үүссэнээр тус бодисын хэмжээ малын гаралтай түүхий эдэд хэвийн хэмжээнээс их хэмжээтэйгээр илрэх болсон. Иймд тус эмийн хэрэглээнд зохицуулалт хийх, судалгаа шинжилгээний бодит үр дүнд үндэслэн эрсдлийг тооцохоор дараах арга хэмжээг авчээ. Үүнд:

  1. Малын эмийн сангуудаар худалдаалагдаж буй антибиотикийн эмийг зөвхөн жороор олгож байх асуудлыг сурталчлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангуулах
  2. Антибиотикийн зохистой хэрэглээг нийтэд таниулах чиглэлээр сурталчлах, сургалт зохион байгуулах
  3. Эмийн гол үйлчлэгч бодис нь ивермектин  агуулсан малын эмийг тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хоёр жилийн хугацаатай түр зогсоох
  4. Ивермектин агуулсан эмийг хэрэглээ, гаж нөлөө, үлдэгдлийн асуудлаар судалгааны ажил хийх, үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох, мэдээлэх зэрэг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.