УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган эхэллээ

2020-10-1 Парламент

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Энэ удаагийн намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал анхны ээлжит чуулганаа эхлүүлж байгааг тэрбээр дурдаад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ингээд ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, хууль засагласан нийгмийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна” гэлээ. Ард иргэд мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсдог мэргэжлийн парламент байхыг Улсын Их Хурлын гишүүд эрмэлзэж, ээлжит чуулганы өмнө хэлэлцүүлэг, нийтийн сонсголууд зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга хэлээд, энэ төрлийн үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 122 хууль, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн тул Улсын Их Хурал цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай байгааг мөн дурдав. Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах  үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэх юм. Улсын Их Хурлын эл шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувиар буурсан сайн мэдээг Г.Занданшатар дарга ээлжит чуулганы нээлтийн үеэр танилцууллаа. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа аж. Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Улсын Их Хурал, Засгийн газар хамтран ажиллаж байгааг энэ үеэр дурдсан.

Монгол Улс саарал жагсаалтаас гарах тайлангаа 4 сард хамгаалсан 6 үүрэг даалгавраас 4-ийг биелүүлсэн байгаа бөгөөд үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ -аас ирсэн ажлын хэсэг ирээд байгаа юм. Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтандаа тууштай байгааг Улсын Их Хурал дахин нотолж байгааг Г.Занданшатар дарга илэрхийлэв.

Энэ удаагийн ээлжит чуулган Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга “Өдгөөгөөс 30 жилийн тэртээ Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль болж, Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Улсын Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг, байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг зохион байгуулж байсан түүхтэй билээ” хэмээгээд гишүүдэд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-парламентын 30 жилийн ойн мэндчилгээг дэвшүүллээ. Ойн хүрээнд өнгөрсөн 30 жилийг дүгнэн цэгнэх, шинэ ирээдүйн зорилтоо тодорхойлох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Үндсэн хууль, парламентат ёсоо сурталчлах, төр-ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэх, “E-parliament”-д шилжих зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгааг тэрбээр дурдав.

Дараа нь Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт буюу коронавируст цар тахлын гамшгийг тулгарсан 2020 он дуусч, Улсын Их Хурал ирэх жилийн улсын төсвийг хэлэлцэн, батлах гэж буйг тэмдэглэв. Тэрбээр Шинэ Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байгаа гэлээ. Шат шатандаа төсвийн сахилга баттай байх ёстойг хэлж, орон нутгийн захиргаа, нутгийн удирдлагууд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна гээд “Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой” гэлээ.

Алслагдсан сумдад хүн амын бодлого хэрэгжүүлэх, малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байх шаардлагын талаар, Дарханы арьс шир, ноос ноолуурын цогцолборын бүтээн байгуулалтыг түргэсгэх, орон нутагт түүхий эдийг боловсруулах, хүлээн авах боломжийг хангах ажлыг эн тэргүүний зорилт болгон төсөв, төлөвлөгөөндөө тусгах санал хэлэв. Мөн тэрбээр 2020 оны төсөв, төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлж, ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх саналаа танилцуулсан.

Тухайлбал, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох; Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах; Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах; Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх саналыг хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.