Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол Ардын Хувьсгалт Нам нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өчигдөр орой Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа билээ. Тус нам хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нийт нэр дэвшигчдийг өнөөдөр улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.