Сайн дураараа Нийгмийн даатгалыг төлөх, үйлчилгээ авахын тулд НД-ын хэлтэс болон банк руу явах шаардлагагүй боллоо

2020-09-28 Мэдээ, мэдээлэл

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах бүрэн боломжтой боллоо.

Тухайлбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болсон байна.

Үүний тулд та гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг суулгах юм байна. Ингэснээр дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой юм.

Мөн шимтгэл төлөх, гэрээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг хэрэгцээт мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Энэ нь хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд  утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлуудыг  шийдэх юм.

Сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжид “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.