Х.Эрдэмбилэгийн орчуулсан “Доод хонгилоос гарсан тэмдэглэл” ном худалдаанд гарчээ

2020-09-17 Амрах агшин

Зохиолч  Хүрэлбаатарын Эрдэмбилэгийн орчуулсан Ф.М.Достоевскийн  “Доод хонгилоос гарсан тэмдэглэл”  ном худалдаанд гарчээ.  Энэ нь түүний  орчуулгын хоёр дахь бүтээл юм.

“Доод хонгилоос гарсан тэмдэглэл” юуны тухай  зохиол вэ

Xайр сэтгэлийн мөн чанарыг эргэцүүлэн тунгаасан энэхүү зохиолд хий мөрөөдөгч доод хонгилын хүн олон жилийн өмнө учирсан нэгэн биеэ үнэлэгч бүсгүйг гомдоосноо эргэн дурсана. Биеэ үнэлэгч бүсгүйд хайртай болсноо хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйн улмаас тэрбээр өөртэйгээ зөрчилдөж сэтгэлийн өвчтэй болсон байна. Бүсгүйтэй анх учрахдаа тэр хий бодолдоо амьдрахыг илүүд хүссэн учраас жинхэнэ хайрыг бүрэн ойлгоогүй юм. Үүнээсээ болж дотроо шаналж гутарсаар нэг мэдэхэд ардаа арван таван жилийг орхисон байна. Эцэст нь үнэнд гүйцэгдэж өмнөх явдлаа дурсана. Бодит амьдралаас хэт тасарч “амьд хүн биш болсноо” хүлээн зөвшөөрнө. Бодит амьдралыг мэдрэхийг хүссэн доод хонгилын хүн анх удаа хоосон төсөөллөө биш харин өөртөө тохиолдсон явдлыг илэн далангүй илчилж сэтгэлээ амраахыг хүснэ. Тэрбээр өөрийн эмгэнэлтэй ба өөдгүй муухай шинжээ хэнээс ч нуудаггүй. Эмэгтэй хүнийг жинхэнээсээ хайрладаггүй байснаа ойлгодог. Түүний хувьд хайр гэдэг бол хайртай хүндээ өөрийгөө дарангуйлах эрхийг сайн дураараа өгөхийг хэлдэг байжээ…

Номны талаарх орчуулагчийн тэмдэглэлийг хүлээн авна уу.   


Сүүлийн үед би бусдыг “уншаад” байгаа юм шиг санагдах боллоо

 

Достоевскийг уншсаны дараа амьдрал өмнөх шигээ санагдахаа байдаг гэж олон хүн хэлэхийг сонслоо. Тэгвэл орчуулсан хүн ямар байх уу?  Нээрээ тоглоом ч үгүй сүүлийн үед би бусдыг “уншаад” байгаа юм шиг санагдах боллоо. Өөрийгөө ч мөн адил. Тэгээд бодлоо өөрийгөө удирдах нь бусдыг “уншихаас” хэцүү юм байна гэж… Бясалгал л хэрэгтэй санагдаад байгаа юм. Иймэрхүү санааг ер нь Достоевский цухуйлгасан шүү. Бясалгал ч гээгүй л дээ. Сүсэг бишрэлийн “эрэлт хэрэгцээг” доод хонгилын хүнээр харуулсан юм байна лээ.

“Хэт их бодох бол өвчин” гэж Достоевский хэлсэн байсан. Доод хонгилд яг энэ үгээрээ байдаггүй. Харин, хэт их ухамсар бол өвчин гэж хэлсэн байдаг. Нэг л санаа л даа. Монголчууд их боддог хүнийг их “өр алдсан хятад шиг” гэж зэмлэдэг билээ. Манай эмээ их тэгж хэлдэг байсан. Юунд нь гиюүрээд байгаа юм, өр алдсан хятад шиг битгий дэмий суугаад бай гэдэгсэн…
Тэгэхээр бясалгал л хэрэгтэй болоод байна даа. Энэ “орчин цагийн” өвчнийг дийлэхийн тулд ДЭМБ коронагийн хөл хорионд байгаа хүмүүсийг иог хийх, бясалгал хий гэсэн шүү дээ.
Доод хонгилыг уншвал ер нь “хэт их ухамсар” өвчин болохыг ойлгоно оо, таануус… Тэгээд хүүхдүүдээ спортоор хичээлүүлэхийн чухлыг мэдэрнэ. Хүүхдийг өдөржин ширээний ард суулгах үнэндээ гэмт хэрэг шүү дээ, нэгэн бодлын… Хөдөлгөөнгүй хоёр цаг гаруй байлгахад л өвчний суурь буй болдог гэж нэг уншсан.
Үгүй тэгээд энэ Достоевский гэдэг чинь төрчихсөн амьтан байсан байна. “Ганц тууж бичсэн чинь existentialism, психолог, социологийг хөгжүүлж бас болоогүй Ницшед нөлөөлсөн” гэж  бичжээ…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.