Намрын сарууд налайж буй эл өдрүүдэд томуугийн өвчлөл намжмал хэлбэртэй байдаг. Харин аравдугаар сарын сүүлчээс ихэнх нутгаар сэрүүсдэг учраас ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчин газар авдаг билээ. Ялангуяа, томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд буюу арваннэгдүгээр сараас эхэлж, нэгдүгээр сард эрчээ авч, хаврын урь орох үед буурдаг гэдгийг хүүхэд, багачуудын өвчлөлийн түүхээс харж болно. Тэгвэл ханиад томуугийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар болон томуугийн вакцины талаар албаны хүний үгийг хүргэж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Томуугийн вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс вакциныг авдаг. Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын “Global Alliance” байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа.
Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ.
Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд вакцины тендерийг зарлах арга хэмжээг авч байна” гэв.
Томуу гэж юу вэ?
Томуу бол вирусаар үүсгэддэг өвчин бөгөөд вирустай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй, чихрийн шижин болон бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг. Дэлхий дээр жир бүр олон хүн ханиад томуугийн улсмаас нас бардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.
Томуугийн вакцин нь ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий тарилгын шингэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог Солонгосын Green Cross үйлдвэрийн GC FLU ханиад томууны вакциныг 2019-2020 оны улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
ВАКЦИНЫ НАЙРЛАГА:
- Цэвэршүүлэн идэвхгүйжүүлсэн ханиад томууны вирусын А хэлбэрийн эсрэгтөрөгч
CA/Brisbane/02/2018 IVR-190 (H1N1)
- Цэвэршүүлэн идэвхгүйжүүлсэн ханиад томууны вирусын А хэлбэрийн эсрэгтөрөгч
(A/Kansas/14/2017 X-327 (H3N2)
- Цэвэршүүлэн идэвхгүйжүүлсэн ханиад томууны вирусын Б хэлбэрийн эсрэгтөрөгч
(B/Maryland/15/2016 NYMC BX-69A)
ВАКЦИН ХИЙЛГЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮС:
- Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд
- Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажилтан
- Архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлдэг хүмүүс
- Амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүс
- Хүн ам шигүү суурьшсан хот суурингийн хүмүүс
ЗААЛТ:
Улирлын ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор 6 сараас дээш бүx насны xүмүүс хэрэглэнэ.
ТУН:
6-35 сартай хүүхдэд 0.25мл тарилгаар нэг удаа
3-аас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд 0.5мл тарилгаар нэг удаа булчинд тарина.
Өмнө нь нь ханиад томуугийн вакцин огт хийлгэж байгаагүй эсвэл ханиад томуугийн xалдвар авч байгаагүй 9-өөс доош насны хүүхдэд давтан тун хийгдэх ба бусад тохиолдолд давтан тун хийгдэхгүй.
ЭСРЭГ ЗААЛТ:
- Өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан бол
- Өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд мэдрэг хүмүүс
- Тарилга хийлгэхээс өмнө 1 жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс
ВАКЦИН ХОЙШЛУУЛАХ ЗААЛТ:
- Ханиад бүрэн эдгээгүй, ханиадны (халуурсан, ханиалгасан, нус гоожсон гэх мэт) шинж тэмдэг илэрсэн үед
- Бусад товлолт вакцин хийлгэснээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй бол
ХАРИУ УРВАЛ:
Тарилга хийсэн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг системийн шинжүүд илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг.
Маш ховор тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС
Томуугийн вакцин хийлгэсний дараа дараах урвалууд илэрнэ:
- Вакцин тарьсан газар 12-24 цагийн дараа улайх, хавдах, хөндүүрлэх шинж илэрч, аяндаа арилна.
- Хөнгөн хэлбэрийн халуурах ба булчин өвдөх, үе мөч өвдөх, толгой өвдөх, чичрэх, хөлрөх, сульдах, ханиалгах зэрэг шинжүүд илэрч болох ба үүнд ямар нэг эмчилгээ хэрэггүй бөгөөд урвал ихэвчлэн 1-2 хоногт арилна.
- Хэт мэдрэмтггий хүмүүс дотор муухайрах, бөөлжих, анафилаксийн урвал (хэт мэдрэгшлийн урвал) илэрч болох ба ихэвчлэн вакцин тарьснаас хойш 15-30 минутын дотор илэрдэг тул вакцин тарьсаны дараа хэсэг хугацаанд ажигласны дараагаар гэртээ харьж болно.
- Вакцин хийлгэснээс хойш 2 хоног ус хүргэхгүй байна.
Хэт мэдрэгшлийн урвал илэрсэн, хэвийн бус шинжүүд илэрч байгаа тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандана уу.