Л.Мөнхтүшиг: Хонконгоор дамжин ирэхэд нэг тийзээр зорчих боломж бүрдүүлсэн

2020-08-18 Засгийн газар

УОК-ын өгсөн чиглэлийн дагуу Хонконг руу тусгай нислэгийн гарц нээснээр, Малайз, Бангкок, Тайваньд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах боломж нээгдэж буйг УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв.

УОК-ын шуурхай штабаас өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны бололцоог нэмэх, нэмсэн даруй иргэдээ татан авах, нислэгийн давтамжийг нэмэх чиглэлээр ажиллаж байгааг тэрээр мэдээлэлдээ тэмдэглэлээ. Тусгаарлах байранд 170 иргэн авах боломж бүрдсэн даруй уг нислэгийг шинээр зарласан хэмээн тодотгов. Тэрбээр, “Хонконгоос транзит нислэг авах боломж бүрдэж байна. Зүүн өмнөд Ази, тэр дундаа Малайзаас өмнө нь транзит нислэгээр ирэхэд зардал их гардаг байсан. Хонконгоор дамжин ирж байгаа иргэдийн хувьд, эцсийн цэг хүртлээ зөвхөн нэг тийз авах давуу тал бүрдсэн. Энэ боломжийг МИАТ-аас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бий болгосон” хэмээв.

УОК-оос наймдугаар сард нийт 14 тусгай нислэг хийхээр төлөвлөсөн. Үүн дээр нэмж нэг нислэг нэмэгдэж байгаа ч цаашид сарын сүүлээр тусгаарлах байрын хүрэлцээ гарвал нэмж 1-2 нислэг төлөвлөнө хэмээн мэдээлэлдээ дурдлаа.

Өнөөдрийн байдлаар манай улс нутаг буцах хүсэлтэй 17 735 иргэнээ авто зам болон агаарын замаар татан авчээ.

Ташрамд дурдахад, БНХАУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэнийг энэ цаг мөчид БНХАУ-ын талтай тохиролцож Эрээн-Замын-Үүд боомтоор татан авах ажиллагаа үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.