Covid-19-тэй холбоотой гаргасан хөл хорионы хязгаарлалтын үед хамгийн тулгамдсан асуудлын 63.1 хувь нь санхүү гэлээ

2020-06-23 Мэдээ, мэдээлэл

Хавдрын үндэсний зөвлөлөөс хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нарын дунд Covid-19 -тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор өнгөрөгч сарын 15-наас эхлэн энэ сарын 15-ны хооронд буюу сарын хугацаанд нийт 29 асуулт бүхий асуумжаар, google form ашиглан цахимаар судалгааг явууллаа.

Тус судалгаанд нийт 179 хүн хамрагдсаны 76% нь эмэгтэй, 24% нь эрэгтэй байжээ. Мөн 52.5% нь хот суурин газрын, 47.5% нь хөдөө орон нутгийн иргэд байна. Оролцогчдын 39.1% нь хорт хавдартай өвчтөн, 60.9% нь өвчтөний асран хамгаалагч, 40.2% нь 45-59 насны, 34.1% нь 18-44 нас, 19.6% нь 60-аас дээш насныхан эзэлж байв.

Судалгааны үр дүнгээс тоймловол:

1. Covid-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн болон тэдгээрийн асран хамгаалагч нарын 31%-ийн сэтгэл санааны байдалд нөлөөлсөн байна.

2. 4 хүн тутмын 1 нь хэдэн өдрийн туршид, 10 хүн тутмын 1 нь бараг өдөр болгон бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байх, санаа зовинолоо зогсоож, хянаж чадахгүй байх, ямар нэгэн зүйл хийх сонирхол багатай эсвэл огт сонирхолгүй болох, сэтгэлээр унах, итгэл найдвараа алдсан мэт санагдах зэргээр нөлөөлсөн байна.

3. 5 хүн тутмын 4-д нь УОК-оос гаргасан хөл хорионы хязгаарлалт өвчтөнүүдийн эмчилгээнд нөлөө үзүүлээгүй гэсэн байна. Харин 5 хүн тутмын 1-д нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд нөлөөллийг ангилж авч үзвэл химийн эмчилгээний цаг хойшлогдсон, эмнэлэгт оруулахгүйн улмаас эмчтэйгээ уулзаж чадахгүй болсон, ор хүрэлцээгүйн улмаас өдөр бүр эмнэлэг орох хүндрэлтэй болсон, орон нутагт химийн тариа тасалдсаны улмаас хот явах шаардлагатай болсон, хил хаагдсаны улмаас эм тариа тасалдсан зэргийг дурдсан байна.

4. Хавдартай өвчтөнүүдэд УОК-оос Covid-19-тэй холбоотой гаргасан хөл хорионы хязгаарлалтын үед хамгийн тулгамдсан асуудлын 63.1% нь санхүү мөнгө, 45.3% нь цаашид хэрхэх талаар ойлгомжгүй байдал, 32.4% нь сэтгэл санааны тогтворгүй байдал, 18.4% нь эмчилгээний чанар хүртээмж муудах, 16.2% нь замын хязгаарлалт, 7.8% нь бусад гэж хариулжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.