“Мөнгөн аягат” цайнаас хөгц, мөөгөнцөр илэрчээ

2020-06-17 Мэдээ, мэдээлэл

 

“Таван богд интернейшнл” компанийн худалддаг “Мөнгөн аягат” шахмал ногоон цайнаас хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн иргэн “Мөнгөн аягат” цай худалдан авч хэрэглэхэд хөгцөрч, мөөгөнцөр үүссэн байсан тул тэрбээр тус компанитай холбогдож, гомдол гаргасан байна. Түүнчлэн аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт ханджээ.

Иргэний гомдлын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас лабораторийн шинжилгээ хийхэд тус цайнаас хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Энэ талаар НМХГ-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаагаас тодруулахад “Хөвсгөл аймгийн лабораторид “Мөнгөн аягат” цайнд шинжилгээ хийхэд хөгц, мөөгөнцөр илэрсэн. Тус цайг 2019 онд үйлдвэрлэсэн юм билээ. Үүний дагуу НМХГ худалдаанд болон агуулахад байгаа цайнаас дээж авч, шалгалт хийж байна. Шалгалтын хариу хараахан гараагүй байгаа. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Тус компанийн агуулах, зах, худалдааны төвүүдэд 2019 онд үйлдвэрлэсэн цай байхгүй” гэлээ.

Өнгөрсөн 2015 онд ШӨХТГ-ын даргын тушаалын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар “Таван богд интернэйшнл” компанийн худалдаалж буй “Мөнгөн аягат” “Найман гишүүн төгөлдөр” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус гэсэн зөрчил илэрч байжээ.

Бид хөгц, мөөгөнцөр илэрсэн цайны талаар “Таван богд интернейшнл” компаний ерөнхий менежер н.Самбуугаас тодруулахад “Хэрэглэгчийн гомдлын дагуу НМХГ-аас манай компанид өнгөрсөн баасан гарагт шалгалт хийсэн. Хөвсгөл аймагт худалдаж байсан цайг иргэн худалдаж аваад, тэрийгээ мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн юм билээ.

Лабораторийн шинжилгээнд хамрагдсан цай нь манай агуулахаас борлуулагдсан цай биш, дэлгүүрийн лангуунаас худалдагдсан цай. Тэгэхээр тухайн дэлгүүр стандартын дагуу хадгалсан уу, бэлтгэн нийлүүлэгчээс ирэхдээ хөгцтэй байсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодорхой болгоно. Мэргэжлийн хяналтын газраас дээж авсан цайг худалдаанд гарахгүй байх талаар чиглэл өгсөн. Шинжилгээний хариу гараагүй байгаа учраас МХЕГ-аас “Агуулахад байгаа “Мөнгөн аягат” цай асуудалтай байна. Худалдаанд байгаа цайг буцааж тат” гэсэн шийдвэр гараагүй” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.