Б.Пүрэвдорж: “Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг өршөөнө”

2020-05-31 Парламент

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй сонгууль хийнэ гэж мэдэгдээд байгаа. Сонгууль хийх мөнгөө төрөөс босгож байгаа талаар хэд хэдэн том хардлага байна. “Жаст”-ын Ш.Батхүү нарын улсад 140 орчим сая ам.долларын хохирол учруулсан хэрэг аль хэдийн хөөн хэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болоод явах нь. Тэгвэл МАН энэ хэргийг өршөөлийн хуульд хамруулаад тодорхой хэмжээний хувь авч байна гэж хардаж байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой зэрэг зэсийн баяжмал, нүүрс гаргадаг компаниудаас тонн тутамд нь нүүрснээс хоёр ам.доллар, зэсийн баяжмалаас тонн тутамд нь 50 ам.доллар авдаг гэсэн мэдээлэл бий. Төрийн өмчийн компаниудаас энэ мэт аргаар хөрөнгө босгож энэ удаагийн сонгуулийн санхүүжилтээ босгож байна гэж хардаж байгаа.

Түүнчлэн тамхины хуульд өөрсдийн намын сайдад давуу эрх олгох замаар, дотоодын ганцхан үйлдвэрт тамхины онцгой татварыг “0” болгосон. Үүний үр дүнд Хятадын хөрөнгө оруулалттай “Монгол тамхи Со” компани жилдээ 20 тэрбум төгрөгийн ашгийн олж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн зөвхөн нэг компанид давуу эрх олгож байгаа энэ үйлдлийг зогсоо гэдгийг их хурлын индэр дээрээс хэлж байсан. “Тамхины импортын татварт онцгой татварт ногдуулах” хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан.

Мөн хуурамч бензин шатахуунд хийдэг, татваргүйгээр орж ирдэг керосин, нафто оруулж ирж хольдог. Эдгээр компаниудын ихэнх нь МАН-д харьяалалтай хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс тодорхой хэмжээний санхүүжилтийг МАН-д өгч байна. Тиймээс керосин нафтод ногдуулах онцгой татварыг их хуралд өргөн бариад хэлцэгдээд явж байгаа. Миний бие энэ мэт хуулийн цоорхойгоор ашиг олж, үүнийгээ тодорхой намд хандивладаг асуудалтай тэмцэж ирсэн. Харамсалтай нь МАН миний өргөн барьсан хуулиудыг унагаах, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах арга хэмжээг авч байгаа.

Гэхдээ би дахин нэг хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. 2017 оны 04 дүгээр сард батлагдсан Зөрчлийн тухай хуулиар Монголын ард түмэн нийтдээ сая дөрвөн зуун мянган иргэн 460 тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Энэ 460 тэрбум төгрөгийг Монгол Улсын бүх хүн ам буюу өлгийтэйхүүхдэд хүртэл хуваагаад үзэхэд нэг хүнд 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ганцхан сумын жишээ гэхэд Ховд аймгийн Булган суманд нийтдээ 1600 орчим хүн Зөрчлийн тухай хуулиар одооогийн байдлаар 200 орчим сай төгрөгийн торгууль төлсөн байна. Энэ их торгуулийг төлөх мөнгө байхгүй болохоор шууд эрүүгийн хуулийн заалт болгож өөрчлөөд, тэнсэн харгалзах ял авдаг журамтай. Тухайлбал, Ховд аймгийн Булган, Алтай сумдад тэнсэн харгалзах ялтай залуусаар дүүрч байна.

Тиймээс миний бие Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн иргэдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль нийгмийн харилцаанд зөрчил гаргасан хүмүүсийг торгох нь зөв боловч тодорхой хэмжээгээр эхний ээлжинд сануулдаг байх өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.