УОК: Өрхийн тусгаарлалтад байгаа иргэд бааранд орсон тохиолдол гарлаа

2020-05-29 Засгийн газар

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. 

Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарчээ. Тиймээс иргэд гадуур гарахдаа амны хаалтаа сайн зүүж, гараа ариутган сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна. Нэг л хариуцлагагүй үйлдлээс  болж олон эрсдэл гарах магадлалтай байдаг. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн мэдээллээр цагдаагийн байгууллагын 4,800 гаруй албан хаагч хамгаалалт, аюулгүй байдлыг  хангахад  ажиллаж байгаа аж. Тэрбээр  “Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй” гэсэн юм.

Өөр нэг зөрчил нь  тусгаарлагдсан иргэд өгсөн хаяг дээрээ байхгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад байна. Тодруулбал, өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа давхардсан тоогоор 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөөнд оржээ.  Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байгаа аж.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.