Эммануэль Макрон халз мэтгэлцээнд ялж, Ерөнхийлөгч болох замаа заслаа

2017-05-4 Ертөнц

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлдээд буй Марин Ле Пен, Эммануэль Макрон нар телевизээр халз мэтгэлцжээ. Энэ сарын 7 буюу ирэх ням гарагт болох сонгуулийн өмнө нэр дэвшигчид ганцхан удаа халз мэтгэлцэж буй учраас шийдвэрлэх өрсөлдөөн телевизийн дэлгэцнээ өрнөжээ.

Хэт барууны үзэлт Марин Ле Пен өрсөлдөгч Макроныг “хүйтэн сэтгэлт банкир” хэмээн нэрлээд нийгмийн элит түвшний эрх ашгийг л хамгаалах энэ нэр дэвшигч хэрэв Ерөнхийлөгч болвол ажилгүйдлийн түвшин улам нэмэгдэж, санхүүгийн сектор улсын эдийн засгийг хөлдөө чирнэ гээд харин өөрийгөө “ард түмний нэр дэвшигч” хэмээн нэрлэжээ. Мэдээж Э.Макрон ч өрсөлдөгчийнхөө дайралтыг сул өнгөрүүлсэнгүй. Марин Ле Пен францчуудын уур бухимдлыг өөртөө ашиг хонжоо болгон хувиргаж буй нэгэн, түүнд эдийн засгийг өөдлүүлэн сайжруулах дорвитой бодлого төлөвлөгөө байхгүй гэж шүүмжилжээ.

Худалдааны асууда.л, цагаачлал, эдийн засаг, Европын холбоо гээд олон асуудлаар хоёр цаг гаруй мэтгэлцсэн нэвтрүүлгийн дараа үзэгчдийн дунд санал асуулга явуулахад Эммануэль Макроныг илүү сайн байсан гэж үзэх хүмүүс дийлэнх нь байжээ. Уг нь, халз мэтгэлцээний өмнө үзэгчид Марин Ле Пенийг мэтгэлцээнд ялах болов уу гэсэн хүлээлттэй байсан юм. Гэвч төвийн үзэл баримтлалтай, Франц улс Европын холбоонд үлдэх нь зөв гэж үздэг, шинэхэн улстөрч Эммануэль Макрон өөрийн үзэл бодол, байр суурийг илүү сайн тайлбарлан таниулж, хамгаалж чаджээ. Ийнхүү 39 настай залуухан улстөрч Э.Макрон Францын дараагийн Ерөнхийлөгч болоход тун ойрхон байна. Олон нийтийн санал асуулга ч Макрон ялах магадлалтай байгааг харуулсаар байгаа юм. Хэрэв тэр ирэх ням гарагт болох сонгуульд ялвл Наполеоноос хойшхи Францын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн болох юм.

Б.Номун

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.