Жижиг намууд “Та, бидний эвсэл” байгуулж ирэх сунгаанд оролцоно

2020-03-23 Нам хөдөлгөөний амьдрал

МАХН бага чуулганаа цахимаар хуралдуулж, “Та, бидний эвсэл”-д нэгдэх шийдвэр гаргажээ. Цахим хурал буюу тус намын бага чуулганы VIII хуралдааныг 21 аймаг, дүүргийн гишүүдтэйгээ цахимаар хийсэн байна. Хуралдааны гол зорилго нь ирэх оны сонгуульд эвсэл байгуулж оролцох багц асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонсчээ.

Харин тус эвсэлд Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам багтаж буй юм. Учир нь энэ сарын 21-нд ИЗНН, Уламжлалын нэгдсэн намууд төв хорооныхоо хурлыг хийж, албан ёсоор МАХН-д ирэх сонгуульд эвсч оролцох хүсэлт илгээгээд байсан юм.

Энэ дагуу 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох асуудлыг МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаанаар хэлэлцэж Бага чуулганы гишүүд санал нэгтэйгээр дэмжиж баталлаа. Мөн Бага чуулганаар Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, Удирдах зөвлөл, намуудын нэр дэвшүүлэх тоо, квотыг тогтсон байна. Эвсэл байгуулах асуудал ийнхүү намуудын төв хорооны хурлаар албажсанаар цаашид эвслийн удирдах зөвлөл Сонгуулийн ерөнхий хороотой албан ёсны уулзалт хийгээд явах аж.

Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиар гуравдугаар сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Эвсч байгаа гурван намаас Ажлын хэсэг гарч, анхан шатны байгууллагуудын дунд өргөтгөсөн хэлбэрээр Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн боловсруулж эдийн засгийн үндэслэл, эрхүйн гаргалгаа, Үндсэн хуульд нийцсэн эсэхийг онлайн хэлбэрээр удаа дараа санал авсан байна. Тиймээс тус эвслийн гишүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Монголын гурван баялаг” бүхий үзэл санааг нэгтгэсэн гэв. Тодруулбал, Монгол хүн, айл өрх, шударга төр засгийг Монголын баялгаар нэрлэж нарийн зохицуулалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, хувь хүн, айл өрх, төр засаг гэсэн гурван хэмжээст, монгол ахуй, хүсэл эрмэлзлэлийг шингээснээрээ онцлогтой гэлээ.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.