Г.Маралмаагийн гомдол гаргасан цагдаа нас баржээ

2017-05-4 Мэдээ, мэдээлэл

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж буй Г.Маралмааг /Б.Цогттой хамт шүүгдсэн/ мөрдөн байцаалтын явцад “Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн” гэх мэдээлэл өгсөн нь ил боллоо.

Дөрвөн настай, дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Г.Маралмаа энэ талаараа “Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэр хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд түүнийг дэслэгч Б хүчирхийлсэн” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн аж.

Г.Маралмаагийн энэ гомдлын дагуу цагдаагийнхан шүүхийн байранд очиж, камерын бичлэг шалган, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн Г.Маралмаагийн гомдол гаргасан цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авсан байна. Энэ нь одоогоос багагүй хугацааны өмнөх үйл явдал аж.

Гэтэл дэслэгч Б хэргийн мөрдөн байцаалтын явцад гэртээ нас барсан байдалтай олджээ. Мэдээллийг албаны эх сурвалжууд баталж байна.

Дэслэгч Б “Хүчирхийлсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж, толгойгоо бариулсан” гэсэн мэдүүлгийг өгч байсан аж. Үүнийг нь тухайн үед шүүхийн байранд хамт байсан цагдаа нотолжээ.

Одоогоор хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн хэлтэст шалгаж байна.

Г.Маралмаагийн тухайд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.