Видео: ДЭМБ covid-19 халдварыг цар тахал гэж тодорхойллоо

2020-03-12 Мэдээ мэдээлэл

 

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээ хийлээ.  

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр бид мэдээлэл хийснээс хойш шинэ төрлийн коронавирусийн тархалт 24 цагийн хугацаанд дэлхийн 117 оронд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийг цар тахал хэмээн мэдэгдсэн. Ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх орныг хамарч тархахыг цар тахал гэж зарладаг.  Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий дахин 4 цар тахалтай тулгарсан. Хамгийн сүүлчийн цар тахал гэвэл 2009 онд гарсан гахайн томуу байсан. 1918 онд дэлхий дахинд хамгийн олон хүнийг өвчлөл, эндэгдэлд хүргэсэн Испанийн томуу байсан юм.

Энэ өвчлөлийн байдал цаашдаа ноцтой болох магадлалтай байгаа учраас  ДЭМБ-аас цар тахал гэж зарлалаа. Энэ бол коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал. Мөн эмчилж, хамгаалж болж байгаа цар тахал юм.  Яагаад гэвэл БНХАУ энэ вирусийн халдварыг хяналтдаа авч чадаж байна. Энэ цар тахлын үед айдас хүйдэст автаад байж болохгүй.  Цар тахлын үед Эрүүл мэндийн байгууллага толгойлж, зөвлөгөөгөө мэдээллээр хангаж ажилладаг.  Иргэдэд хандаж хэлэхэд, хэтэрхий айж, түгшиж, дархлаагаа унагаж болохгүй. Хоёрдугаарт, цуу ярианд итгэх, тарааж болохгүй.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас авч байгаа арга хэмжээг мушгин гуйвуулах, хэт эрт өөрийнхөөрөө дүгнэх зэргийг хийж болохгүй гэдгийг анхааруулъя. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг өгч ирсэн. Тэр ажлаа ч үргэлжлүүлж, зөвлөнө.  Гэхдээ зөвлөгөө, зөвлөмж өөрчлөгдөж байгаа. Өндөр настай иргэдэд эрсдэлтэй гэж байсан. Өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насны хүмүүс эрсдэлт бүлэгт орж байна. Тиймээс тохирох зөвлөмжийг хүргэж эхэллээ” хэмээлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээгээр нийтдээ 117 улсад өвчлөл бүртгэгдэж, 118326 хүн халдвар аваад байна. 24 цагийн дотор дэлхий нийтээр 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4922 болсон.  БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн.  Ирэх долоо хоногуудад тохиолдол, нас баралтын тоо илүү нэмэгдэнэ гэж үзэж байна.  ДЭМБ-аас зарим орон халдварыг тархаахгүй байх чиглэлд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ өвчнийг цар тахал гэж үзэж, зарласан.  Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь 4 оронд гарч байна. Тэр дундаас БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байгаа юм” хэмээлээ.

Өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа хүмүүсийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-өөс өнөөдрийг хүртэл 1240 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, “Жаргалант”-ын амны сувилалд 23 хүнийг өнөөдөр ажиглалтаас гаргана. Биеийн эрүүл мэнд сайн, ямар нэгэн зовиургүй байгаа. Бид эмэгтэйчүүд, дотор гээд төрөлжсөн мэргэжлийн эмч хэрэгтэй иргэдэд зориулж эмнэлгүүдээс эмч томилж, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн байгаа. Энэ хүмүүс Өвөрмонголын Бортал аймагт айлд байсан юм билээ. Хөл хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Ховд аймгийн Онцгой байдал хуралдаад, тэнд нь хоёр өрөө байранд тусгаарлаад ажиллаж байна.  Хүмүүсийн биеийн байдал сайн, ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа. 

ХӨСҮТ-д байгаа өвчтөний биеийн байдалд хүндэвтэр байгаа. Гэхдээ аль нэг амин үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй, хэвийн байна. Эмч нарын заавар зөвлөгөөг сонсож, дагаж мөрдөж байгаа.  БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай өнөөдөр өдөр цахим хурал хийхээр бэлтгэлээ хангаж байна” хэмээлээ. 

Дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнийхээ хүрээг тэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тодруулсан юм.

Тэрбээр “Дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт авах, өмнөх хязгаарлалтынхаа хүрээг тэлэх шийдвэрүүд гаргасаар байна.

АНУ гэхэд 24 муж улсдаа онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британи улсаас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй юм байна.

Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал нийт 23,000 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.

БНХАУ-д халдварын тохиолдлыг тууштай бууруулж байгаа хэдий ч гадаад улсаас халдвартай хүн ирэх тохиолдол гарч байгаа тул Бээжинд ирж байгаа иргэдийг гэрт нь эсвэл тусгайлан бэлдсэн зочид буудалд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Богино хугацаагаар ирсэн гадаадын зочдыг мөн түр тусгаарлаад шинжилгээ өгч халдваргүй нь баталгаажсаны дараа гадуур явах зөвшөөрөл өгөхөөр болжээ.

Зарим улс мөн виз олгохгүй байх, өмнө нь олгосон визээ цуцлах гэх мэт арга хэмжээг аваад эхэлсэн байна” хэмээн хэллээ.

Тэгэхээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн юм. Тус төв өдөр болгон 1800-2000, 9898-3630 утсаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч буй юм.

Тэрбээр “Covid-19 халдварын тархалтаас шалтгаалан нийт иргэдийн дунд сэтгэл түгших, айж санадрах, бухимдах, сэтгэл тавгүй болох гэх мэт шинжүүд ажиглагдаж байна. Эдгээр нь сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм. Мөн биеийн хувьд, даралт ихсэх, нойргүйдэх, толгой өвдөх, амьсгаадах, зүрхний цохилт түргэсэх шинж тэмдэгүүд элбэгших хандлагатай боллоо. Гэхдээ энэ бүх асуудлыг шийдвэрлэж болдог. Харин энэ бүхнийг шийдвэрлэхгүй удвал сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог.  Тиймээс иргэддээ зөвлөмж хүргүүлж байна. Энэхүү зөвлөмжүүд нь ДЭМБ, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж юм.

Үүнд,

-Сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг зүйл бодох

-Одоогийн нөхцөл байдал, өдөр тутмын амьдралаа зөв төлөвлөх

-Буруу ташаа мэдээлэлд автахгүй байх. Учир нь хүн муудсан хоол хүнс идвэл гэдэс ходоод хямарна. Үүнтэй адил аливаа хүн үргэлж сөрөг мэдээ сонсож, түүндээ автагдаад байвал тухайн хүний сэтгэл зүй өвдөж хямарна.

-Хэрвээ тухайн хүн сэтгэл санаагаа өөрөө засаж чадахгүй бол гэр бүлийнхээ хэн нэгэнтэй болон найз нөхөдтэйгөө ярилцах шаардлагатай. Эсвэл хөгжим сонсох, ном сонин унших гэх мэт…

-Хүн бүр амьдралаа зөв төлөвлөж, амьд харилцаа үүсгэх хэрэгтэй” гэдгийг онцлов.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ2020.03.12-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 11, 2020

 

Тог тог… ХААЛГАА нээ

14 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.